Ядуу орны өлөн иргэд
2021-10-06

Олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай мэдээ цацдаг, түүнийг нь сэвж тараадаг хэсэг бүлэг хүн байдаг. Тэд шаардлагатай тохиолдолд хүмүүсийн эрүүл мэнд, амь насны асуудлаас эхлээд энгийн хэрэглээ хүртэлх бүхий л мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, дундаас нь эрх мэдэл, эд хөрөнгөний ашиг олдог. Магадгүй одоо ч “Маргааш вакцин дуусна” гэсэн мэдээлэл гараад ирж магадгүй. 

 

Хэн хаанаас гаргасан, үнэн худал нь үл мэдэгдэх эсвэл бүр ор үндэслэлгүй хуурмаг мэдээллийн сургаар иргэд очерлож дугаарладаг. Тэгээд ойр орчимд байгаа бүхэндээ уураа гаргаж, төр засгийг эсвэл хэн нэгэн эрх мэдэлтнийг хараан зүхдэг. Товчхондоо иргэн та зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараагчийн утсан хүүхэлдэй болон гарын аясаар нь хөдөлж байна гэсэн үг.

 

Эндээс хэсэг бүлэг хүн ашиг хонжоо олж, эрх мэдэл, эрх ашиг нь зузаарч байгаа. Харин иргэн танд уур бухимдал, гарзадсан цаг хугацаа л үлдэнэ.

 

 

Өчигдөр үдээс хойш олон нийтийн сүлжээнд “Танил маань банкаа дүүргээрэй гэж байна, дахиад л шатахуун хомстох бололтой” гэсэн утгатай пост, жиргээ орж, орой нь нийслэлчүүд шатахуун түгээх станц бараадан, урт дараалал үүсгэлээ. Үнэндээ тэр танил нь хэн ч юм, хэзээнээс шатахуун хомстох юм, бүү мэд. Ямар ч тодорхой мэдээлэлгүй, албан бус ганцхан өгүүлбэр олон зуун хүний уур бухимдал, цаг завыг бардгийн наад захын жишээ энэ. Шатахууны сав хэмжээтэй учраас олон арваараа очерлож авахаар дуусах нь тодорхой. Түгээгчийн дууссан гэх үг шатахууны хомстол үүслээ гэсэн утгатай болон түймэр мэт тархаж, өөр нэг газар дахиад л очер дараалал үүсгэнэ.

 

Үнэндээ бидний ходоод хоолтой ч, тархи өлөн байна. Хаанаас, ямар мэдээлэл олж уншихаа мэдэхгүй байна. Үнэн, худал хоёрыг ялгах чадваргүй байна. Мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, олон нийтийн сүлжээнд оруулсан үг өгүүлбэр болгоныг даган хуйларч, эрх мэдэл, эрх ашгийн өгөөш болсоор байна.

 

Хүн бүр ухаалаг утастай, цахим орчинд ажиллах чадвартай ч өөртэй хэрэгтэй мэдээллээ олоод унших, албан ёсны эх сурвалжийг сөхөж харах чадвар алга. Тиймдээ ч оюун санаанаасаа эхлээд ажил, амьдралаа хэсэг бүлгээр удирдуулж, үнэн худал нь үл мэдэгдэх ганц өгүүлбэр даган хуйларч байна. Иргэдийн энэ байдлыг хараад учир мэдэх хэсэг нь бах таваа хангаад, инээж сууна. Ямар сайндаа “хар масс” гэсэн хочтой болохов.

 

Сүүлдээ энэ улсад болж бүтэхгүй байгаа бүхэнд иргэн буруутай болж, төрийн сайд нар нь хохь нь гэж загнах нь холгүй байна. Шатахуун, сайжруулсан түлш хангалттай байхад иргэд өөрсдөө дурандаа очерлосон биз дээ, тэгээд очерлоод аваач дээ хэмээн сайд нар уцаарлаж, тохуурахын хооронд даналзаж байна.

 

Зах замбараагүй олон нийтийн сүлжээнд хамхуул мэт хийсэж байгаа мэдээ мэдээлэлд автахгүйгээр, улс төр, бизнесийн салбарын хэсэг бүлэгхэн хүмүүсийн эрх мэдэл, эрх ашгийн өгөөш болохгүйгээр ул суурьтай амьдаръя, монголчууд аа.

 

Сошиалд сэвэгдсэн сэдэв бүр бидний амьдралд нөлөөлж, ажил амьдралын маань хэмнэлийг алдагдуулах ёсгүй. Сургаар очерлож, ашиг хонжооны өгөөш болох хэрэггүй. Иргэн тань дээр энэ улс тогтож байдгийг сана. 

 

Эх орны баялагтаа эзэн болж, үр шимийг нь хүртэж, элбэг хангалуун амьдарч чадахгүй байгаа ч ядаж өгөөш, золиос болохоо болъё. Хаанаас ямар мэдээлэл уншихаа, алинд нь итгэхээ, ямар сонголт хийхээ мэддэг хэрсүү иргэн байцгаая. Ходоод хоосон байлаа ч тархи биднийг удирдах ёстой биш үү?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hohi chini iim yumand itgeed amidarsaar irsiim
2021-10-07
Иргэн:
Төрд итгэх итгэл байхгүй болсон учраас л тэр. Тиймгүйсэн бол төрийн албанаас 1 хүн мэдээлэл хийхэд л тэр бензин мэтийн тухай цуу яриа зогсдог байхсан.
2021-10-06
Oroi nn saidn medeelel hiij bhad margaashn hurtel uluntuud oochirlood bj bgaa bzde mal tsarailtsgaagaad ydaj elii balai nertei clickbait siteruu orohoo l baichih
2021-10-06
зочин:
Энэ ч ёстой үнэн шүү....
2021-10-06
Terbish:
Цуурхал эсэхийг Төр яаралтай нягталж шалгаад Үнэн зөвийг Олон нийтэд шуурхай мэдээлээгүйгээс цуурхал гүнзгийрч байгаа. Төрийн эхлээд хүнд суртлаа багасгаж шуурхай хандах Аливаа асуудлыг хэн хариуцах нь Тодорхой байх нь зөв байхаа.
2021-10-06
Oroi nn saidn medeelel hiij bhad margaashn hurtel uluntuud oochirlood bj bgaa bzde mal tsarailtsgaagaad ydaj elii balai nertei clickbait siteruu orohoo l baichih
Үнэн шүү манайхаааан!
2021-10-06
Tarhini turaaluudin hiij baigaa songolt
2021-10-06