Хятадын сургуулиуд сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарна
2021-10-12

Хятадын эрх баригчид боловсролын салбарт ихээхэн өөрчлөлтүүдийг хийж, энэ хүрээнд сурагчдын биеийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс бага ангийнхнаас шалгалт авах, тэдэнд гэрийн даалгавар өгөхийг хориглож, хичээлээс гадуурх сургалтын цагийг багасгах шийдвэр гаргаж байлаа. Түүнчлэн хүүхдүүд цахим тоглоом тоглох цагийг ч хязгаарлаж байв. Энэ удаад ч мөн сурагчдын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах журам гаргажээ. 

 

Жэнминь Жибао сонины мэдээлснээр, Хятадын нийслэл Бээжин хотод хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавих үүднээс улсын болон хувийн бүх боловсролын байгууллагууд сурагчдынхаа сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэн, сургуульдаа мэргэжлийн зөвлөх, сэтгэлзүйчтэй байх журам гаргасан байна. Түүнчлэн багш нар сурлага тааруу байгаа сурагчид, түүнчлэн хагас өнчин хүүхдүүд болон цагаач ажилчин гэр бүлээс гаралтай хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх ёстой гэнэ. 

 

Хятадын Шинжлэх ухааны академийн Сэтгэл судлалын хүрээлэнгийн сүүлийн үед гаргасан тайлангаар, Хятадын өсвөр насны хүүхдүүдийн 24,6 хувь нь их бага хэмжээгээр сэтгэл гутралд өртсөн байдаг аж. Мөн 4-16 насны 7,41 сая хүүхэд сэтгэцийн эсвэл зан байдлын эмгэгтэй байдаг бөгөөд 2019 оны судалгаагаар жилд ойролцоогоор 100 мянга орчим хүүхэд амиа хорлосон үзүүлэлт бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин