2021 оны Нобелийн шагналтнууд
2021-10-12

Нобелийн ээлжит долоо хоног даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар өндөрлөлөө. Эдийн засгийн шагналыг Канад, Америкийн эдийн засагч Дэвид Кард болон АНУ-ын судлаачид Жошуа Ангрист, Гвидо Имбенс нар хүртсэн байна. Кард "хөдөлмөрийн эдийн засагт оруулсан үнэтэй хувь нэмэр", Ангрист болон Имбенс нар "учир шалтгаан, үр дагаврын уялдаа холбооны шинжилгээнд оруулсан аргазүйн хувь нэмэр"-ийнх нь төлөө Нобелийн эдийн засгийн шагнал гардуулжээ. 

 

Шинжлэх ухааны төрлүүд

 

Өмнөх жилүүдийн адилаар Нобелийн шагналуудын ихэнх нь АНУ-ын эрдэмтдэд очжээ. Нобелийн шагнал гардсан 10 хүний долоо нь АНУ-ынх бол Германы хоёр, Италийн нэг эрхэм энэ хүндэт шагналыг хүртсэн байна.

2021 оны Физиолог, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудаар Америкийн эрдэмтэд болох Дэвид Жулиус болон Ардем Патапутян нар тодорчээ. Тэд температур болон хүрэлцэхүйд хариу үйлдэл үзүүлдэг рецепторуудыг судласан бөгөөд ингэснээрээ архаг хууч өвчний эсрэг үр дүнтэй эм гарган авахад чухал алхам хийсэн байна. 

 

Физикийн салбарын шагнал Германы эрдэмтэн Клаус Хассельман болон Америкийн эрдэмтэн Сюкуро Манабэ нарт очлоо. Тэднийг "дэлхийн уур амьсгалын физик загварчлал, хэлбэлзлийн тоон анализ болон дэлхийн дулаарлын найдвартай таамаглал"-ынх нь төлөө Нобелийн шагналаар шагнажээ. Түүнчлэн Италийн онолч Жоржо Паризи " Атомоос гариг ертөнцийн хэмжээс хүртэлх физик системийн эмх замбараагүй байдал, хэлбэлзлийн харилцан үйлчлэлийн нээлт"-ийнхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн байна.

 

Харин химийн салбарын шагналыг Германы эрдэмтэн Беньямин Лист болон Британи-Америкийн судлаач Дэвид Макмиллан нар "Молекулуудын нийлэгжилтэд ашигладаг тэгш бус органик катализын аргыг нээсэн " -ийхээ төлөө хүртжээ.

 

Шагналын хорооны санаанд оромгүй сонголт 

 

Занзибарын зохиолч Абдулразак Гурна энэ онд утга зохиолын Нобелийн шагнал хүртлээ. Түүнийг "колончлолын хор уршиг болон соёл, тивийн эргүүлэгт орсон дүрвэгчдийн хувь заяаны мөн чанарыг нээн харуулсан"-ых нь төлөө Нобелийн шагналаар шагнажээ.

 

Гурна энэ онд шагнал авах магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байгаагүй, Африкийн утга зохиолыг сонирхдог хүмүүсийн дунд алдартай ч уншигч олон түүнийг төдийлөн мэдэхгүй. Шагнал гардуулахаас өмнө Шведийн хэвлэлүүдээр утга зохиолын шагналыг барууны бус орнуудаас, тэр дундаа Африкаас нэр дэвшсэн хүмүүст өгөх цаг нь ирсэн гэх утга бүхий нийтлэлүүд олон гарч байсан ч Гурнагийн нэр огт дурдагдаж байгаагүй гэнэ. 

 

Энх тайвны шагнал

Альфред Нобелийн гэрээслэлд энх тайвны шагналыг "ард түмнийг нэгтгэх, армиудын тоог цөөлөх үйл хэргийг бүтээсэн эсвэл ийм үйлсэд ихээхэн амжилт гаргасан, түүнчлэн энхийн явцыг хэрэгжүүлж, үүнд анхаарал хандуулсан хүн"-д олгохоор заажээ. Гэхдээ Нобелийн хороо энэ гэрээслэлийг илүү өргөн утгаар тайлбарладаг юм.

 

Энэ жил Норвегийн Нобелийн хороо Оросын "Шинэ сонин"-ы ерөнхий редактор Дмитрий Муратов болон Филиппиний сэтгүүлч Мария Рессе нарт "ардчилал, бат бэх энх тайвны суурь болсон үг хэлэх эрх чөлөөг хамгаалахад оруулсан хүчин чармайлт"-ынх нь төлөө Нобелийн энх тайвны шагнал гардуулжээ.

 

Дмитрий Муратов нь Нобелийн энх тайвны шагнал гардсан ОХУ-ын анхны иргэн юм. Тэрбээр "Шинэ сонин" сониныг 1995 оноос хойш удирдаж байгаа бөгөөд энэ сониныг Нобелийн энх тайвны шагнал авах магадлалтай хэвлэл гэж сүүлийн жилүүдэд яригдаж байсан юм.

 

Мария Ресса бол Rappler хэвлэлийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд өмнө нь Манила дахь Америкийн CNN агентлагийн товчоог удирддаг байжээ. Тэрбээр өнөөгийн ерөнхийлөгч Родриго Дутертегийн захиргааны үйл ажиллагааг шүүмжилснээсээ болж удаа дараа халдлагад өртөж байсан аж. Мөн Мария Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Филиппиний анхны иргэн болж байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин