Фижи арал жуулчдад үүдээ нээнэ
2021-10-12

Фижигийн эрх баригчид зарим орноос коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар тус улсын засгийн газрын тэргүүн Фрэнк Баинимарама мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, Австрали, Их Британи, Герман, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Япон, Швейцар, Катар, Канад, АНЭУ, Испаниас вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээн авахад бэлэн гэнэ. Коронавирусийн вакцины хоёр тунд хамрагдсан, дээрх орны жуулчид 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Фижид аялах боломжтой аж.

 

Жуулчдыг ирсэн хойно нь тусгаарлалтад оруулахгүй, гэхдээ Фижид ирэхээсээ өмнө 72 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариуг зайлшгүй үзүүлэх ёстой юм байна. 

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Фижид 51 мянга гаруй хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаас 563 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин