Ерэн настай жүжигчин Шетнер сансарт нислээ
2021-10-14

Канад гаралтай, Холливудын жүжигчин , "Оддын зам" шинжлэх ухааны домогт цувралын од Уильям Шетнер лхагва гарагт сансарт ниссэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 


Эх сурвалжийн мэдээлснээр, бизнесмен Жефф Безосын Blue Origin компанийн New Shepard хөлгийн багийн бүрэлдэхүүнд өдгөө 90 настай жүжигчин Уильям Шетнер багтсан байна. 

New Shepard хөлөг хоёр дахь удаагаа сансарт хөөрсөн нь энэ бөгөөд эхний нислэг долдугаар сарын 20-нд болж, Безос, түүний дүү, Нидерландын оюутан болон 82 настай нисэгч Уолли Фанк нарыг сансарт хүргэж байв.

 

Шетнер хөлгийн хоёр дахь нислэгийн багт багтсанаар сансарт ниссэн хамгийн ахмад хүн болж байгаа юм. Нислэгийн удирдлагын газрын мэдээлснээр, нислэг төлөвлөгөөний дагуу явагдаж, сансрын нисэгчид эргэн дэлхийдээ ирэхдээ Техасын нутаг дэвсгэрт газарджээ.

 

Газардсаныхаа дараа Шетнер капсулын нээлхийг онгойлгосон Безост хандан "Та надад гүн гүнзгий мэдрэмж бэлэглэлээ. Миний сэтгэл хөдлөл дээд зэрэгтээ тулсан байна" хэмээн өгүүлжээ.

 

Шетнерийн нислэг 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд сансрын хил хэмээн тооцогддог 100 гаруй км өндөрт гарсан байна. Богино хугацаанд хөлгийн багийнхан эх дэлхийгээ харж, жингүйдлийн байдалд орсон гэнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин