Сурвалжилга: Цэргийн албанд өөрийн хүслээр ирсэн залуус олон байна
2021-10-22

 

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр буюу аравдугаар сарын 21-нд эхэллээ. Тодруулбал, хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдах юм. Иймд цэрэг татлагын ирц, нөхцөл байдлын талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 31-р дунд сургуулийг зорилоо.

 

“Хайрт минь чи минь

Хүлээгээрэй намайгаа

Хугацаат цэргийн албаа хаагаад

Хонгор чамдаа очно оо би” гэж “Энхийн манаа” дуу сонсогдоно. Энд эмчийн үзлэгт орох гэсэн залуус уртаас урт дараалал үүсгэн зогсжээ. Мөн хүүгээ үдэж өгөх гэсэн эцэг эхчүүд хоол, ундаа ус, амттай зүйл барин зогсоно.

 

Залуус ирсэн дарааллын дагуу эмчийн үзлэгт орно. Тэд эхлээд коронавирус халдварын түргэвчилсэн шинжилгээ өгөх аж. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд дотогш нэвтэрнэ. Мөн дулаацуулах байр байна. Хүн хоорондын зай барьж зогсохыг албаныхан үргэлж сануулна. Эмчийн үзлэгт тэнцэж, цэргийн албанд татагдаж буй залуусын нэрсийг урсдаг самбараар мэдээлж байлаа.

 

Хугацаат цэргийн албанд татагдагчид иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом, цээж зураг, дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг баримт бичиг баримттай, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

 

Коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан хүнийг  эрүүл мэндийн үзлэгт оруулна

 

 

 

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа И.Нямсүрэн:

 

-Халдвар хамгааллын дэглэм сайтар сахиж цэрэг татлагын ажил зохион байгуулагдаж байна. Хүн хоорондын зай баримтлуулж, дулаацуулах байр бэлдэж, эмчийн үзлэгт орохоос өмнө түргэвчилсэн тест авч байгаа. Коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан хүнийг  эрүүл мэндийн үзлэгт оруулна. Харин шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвд нь хүлээлгэн өгч байгаа. Залуусын идэвх сайн байна. Энэ жил сайн дураар цэргийн алба хаах хүсэлтэй хүн олон байна.

 

Сайн дураар цэргийн алба хаах хүсэлтэй хүн олон байна

 

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Мөнхдорж:

 

-Би 1987 онд цэрэгт татагдаж байлаа. Тухайн үед хоёр жил цэргийн алба хаадаг байсан юм. Хугацаат цэргийн албаа дуусгаад улирч үлдсэн. Ингээд барилгын цэргийн 187 дугаар ангид дөрвөн жил ажилласан. Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү маань цэргийн алба хаагаад ирсэн. Бага хүү маань Этүгэн их сургуулийн хоёрдугаар курст суралцдаг. Жилийн чөлөө аваад цэрэгт явна. Цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн суралцана. Эрэгтэй хүн бүр эх орноо хамгаалахаар цэргийн алба хаах хэрэгтэй. Цэргийн алба хааснаар  үг дааж сурч, бие бялдар нь хөгжинө.

 

Эрэгтэй хүн бүр цэргийн албыг хаах ёстой гэж боддог

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Бат-Эрдэнэ

 

-Цэргийн зарлан дуудах хуудас 10 хоногийн өмнө ирсэн. МУБИС-ийн хоёрдугаар курсийн оюутан. Эрэгтэй хүн бүр эх орноо хамгаалах цэргийн албыг хаах ёстой гэж боддог. Миний хувьд цэргийн алба хаахыг хүсэж байгаа ч эрүүл мэндийн асуудлаас болж цэрэгт явах боломжгүй болсон.

 

Цэргийн алба хаах гэж байгаадаа баяртай байна

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн А.Золбоот:

 

-Эрүүл мэндийн үзлэгтээ орох гээд зогсож байна. Зарлан дуудах хуудас 14 хоногийн өмнө ирсэн. Цэргийн алба хаах гэж байгаадаа баяртай байна. Монгол эрэгтэй хүн бүр цэргийн алба хаах үүрэгтэй.

 

Эрэгтэй хүн бүрийг цэргийн алба хаагаасай гэж боддог

 

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Итгэлхүслэн:

 

-Эмчийн үзлэгтээ орох гээд хүлээж байна. Эрэгтэй хүн бүрийг цэргийн алба хаагаасай гэж боддог. Сүүлийн үед цэргийн албатай холбоотой сөрөг мэдээллүүд гарсан. Гэхдээ эрүүл мэндийн асуудалгүй л бол цэргийн алба хаах хэрэгтэй.

 

Хүүгээ цэргийн албанд тэнцсэн гэж сонсоод баярлаад зогсож байна

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Цэрмаа:

 

-Манайх зургаан хүүхэдтэй. Цэрэгт явах гэж байгаа хүү маань том нь юм. Эмчийн үзлэгт ороод тэнцчихсэн байна. Цэргийн 323 дугаар ангид хуваарилагдсан гэнэ. Хүүгээ цэргийн албанд тэнцсэн гэж сонсоод баярлаад зогсож байна. Гэр бүлийнхэндээ хэлж амжаагүй явна.  Хүү маань сайн дураараа цэргийн албанд явж байгаа. Олон аавын хүүхдүүдтэй цэргийн албаа сайн хаагаад ирэх байх.

 

Хүү маань өөрийн хүсэлтээр цэрэгт явж байгаа

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Ганчимэг:

 

-Манайх ганц хүүхэдтэй. Хүү эмчийн үзлэгт орох гээд орчихсон байна. Хүү маань өөрийн хүсэлтээр цэрэгт явж байгаа.  Эрэгтэй хүн бүр цэргийн алба хаах ёстой гэж боддог. Гэхдээ сүүлийн үед цэргийн албаны талаар сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл гарч байна.

 

М.Насан 

 

аро

Shuud.mn
Сонин хачин
Ирээдүйн монголыг авч явах залууст маань хоол сайн өгч боловсрол олгож хоорондоо эвтэй байж нэгдэж ажиллахыг зааж сурга. Нэгдвэл хүчтэй болно залуусаа өөлүүн эхийн сургаалыг өдөр бүр уншиж өг
2021-10-22