Таны амьдралыг өөрчлөх 10 АСУУЛТ
2021-10-23

Сэтгэлзүйчид амьдралаа өөрчлөхөд туслах асуултууд гаргасныг lifehacker.ru нийтэлжээ. Энд тавьсан асуултуудад та шууд хариулж чадахгүй ч гэлээ эдгээр нь таныг өөрчилж, тайвшруулж, хүч өгч чадах гэнэ. 

 

1. Би хэнтэй цагийг өнгөрүүлж байна вэ? 

 

Ямар ч зорилго, тэмүүлэлгүй үеийнхэнтэйгээ хүүхэд найзлаж нөхөрлөхөөр хүүхэд ч даган дуурайх зүйлгүй, зорилгогүй болно гэж бид үздэг. Гэхдээ бид энэ нь насанд хүрэгчдэд ч хамаатай гэдгийг төдийлөн боддоггүй. Таны танил, найз нөхөд дургүй ажлаа тэсэн байж хийдэг, эсвэл амьдралын эрүүл бус хэв маягтай бол тун удалгүй та ч мөн тэдэн шиг шийд гаргана. Найз нөхөд, хамт олныхоо талаар бод. Тэд танд урам зориг өгч, дэмжиж байна уу, эсвэл доош нь чангааж байна уу?

 

Та юу уншиж, үзэж, сонсож, бодож байгаа нь ч үүнд хамаарна. Бидний амьдрал аажмаар хүрээлэлтэйгээ адилхан болдог тул өөрийгөө тойруулж буй хүрээллээ сонгохдоо нухацтай ханд. 

 

2. Би үүнд нөлөөлж чадах болов уу?

 

Эртний Грекийн гүн ухаантан Эпиктетийн өгүүлснээр философийн гол зорилт нь хянаж чадах эс чадах зүйлээ ялгаж салгах явдал юм.

Бид ихэвчлэн өөрсдөөс минь үл хамаарах зүйлд асар их цаг зарцуулдаг. Бид үйлдэл, бодол санаа, мэдрэмжээ хянаж чадна. Харин бусад хүмүүс, цаг агаар, гадуур болж буй үйл явдлуудыг хянаж чадахгүй.

Гэхдээ хүмүүс, цаг агаар, гадуур болж буй үйл явдалд хандах хандлагаа бид хянаж чадна. Энэ бүхнийг ялгаж салгаж суран, таны эрхшээлд байхгүй асуудлаас болж гутрах, гонсойх хэрэггүй.

 

3. Миний хувьд сайхан өдөр ямар байх ёстой вэ?

 

Та энэ асуултын хариултыг мэдэхгүйгээр өөрт тухтай байхуйц хуваарь гаргаж чадахгүй. Амьдралд тань тохиосон хамгийн таагүй өдрүүдийг эргэн нэг сана. Та юу хийж байсан бэ? Таны ажил, хувийн амьдрал, орон гэр аль болох олон сайхан өдрүүдийг өнгөрүүлэх боломжийг олгох ёстой. 

 

Дүр эсгэх гэж оролдохын оронд өөрийнхөөрөө байх боломжийг олгох амьдралын хэв маягтай бол. 

 

4.Бодох уу, хийх үү? 

 

Та ямар зам сонгох байсан бэ? Амжилтад тэмүүлэх үү эсвэл илүү том зорилгодоо анхаарлаа хандуулах уу? Албан тушаал, шүтэн бишрэгчдийн тоо, цалингийн хэмжээтэйгээ зууралдах уу эсвэл жинхэнэ дорвитой амжилтад анхаарах уу? Саяхныг хүртэл та аль замыг нь сонгож байсан бэ?

 

5. Айдас, түгшүүрт цаг үрж байхдаа би юу алдаж байна вэ?

 

Амьдралын янз бүрийн асуудлууд бидэнд гуниг, түгшүүр, айдас төрүүлж байдаг. Эдгээр асуудлуудыг даван туулах цорын ганц арга нь ийм мэдрэмжүүдээ хянахыг оролдох явдал юм. Тиймээс дараагийн удаад таагүй сэтгэл хөдлөлд автсан үедээ ийм мэдрэмжийнхээ төлөө ямар их үнэ төлөхөөс аргагүй болохоо санаарай. Учир нь ийм таагүй сэтгэл хөдлөлд автаж, ийм мэдрэмжээ хянаж чадахгүй цаг үрж байх үедээ та өөр чухал зүйлийг анзааргагүй алдаж байдаг.

 

6. Би яг өөрийнхөө ажлыг хийж байна уу?

 

Ажил хэрэг гэж чухам юу болохыг та мэдэх үү? Эцэс төгсгөлгүй ундарч байдаг ажлыг гар хумхилгүй сөхөрч унатлаа л хийж болно. Заримдаа бид жижиг сажиг ажилд цаг үрж, бусдын ажлыг хийдэг. Энэ бүхнээс болж завгүй өдрүүд өнгөрсөөр бид хамгийн чухал зүйлээсээ холдсон байдаг.

 

7. Надад юу илүү чухал вэ?

 

Танд юу илүү чухал болохыг та мэдэхгүй бол энэ чухал зүйлдээ хангалттай цаг, хүч зарцуулж байгаа эсэхээ ч мэдэхгүй. Гэр бүл, ажил, мөнгө гээд аль нь байлаа ч та аль чухлаа мэдэж, хүлээн авч чаддаг байх ёстой.

 

Ингэсэн цагт та үнэт зүйл, эрмэлзэл нь өөр хүмүүстэй өөрийгөө жишихээ болино. Ингэснээр та "амжилт"-ын араас улайран хөөцөлдөх "уралдаан"-аас татгалзаж, амар амгалан, итгэл төгс болох юм. Үүнийг Ромын гүн ухаантан Луций Сенека "та зөв зам дээр байгаа, таны замд тааралдан, зам огтлолцож байгаа хүмүүсийн мөрийг хараад чиглэлээсээ хазайхгүй гэдэгтээ итгэлтэй байх тэр л итгэл" хэмэн нэрлэж байв. 

 

8. Энэ хэнд зориулагдсан бэ?

 

Та ямар нэг зүйл бүтээж, зарж эсвэл хүмүүсийг татахыг хичээж байгаа бол энэ асуултын хариултыг мэдэх ёстой. Та зорилтот бүлгээ мэдэх ёстой. "Энэ хүмүүс юу хүсэж байна вэ?", "Тэдэнд юу хэрэгтэй вэ?", "Би тэдэнд юу санал болгож болох вэ?" гэж брл. Эдгээр асуултуудыг өөртөө тавиад, тодорхой хариулт олохыг хичээгээрэй.

 

9. Энэ үнэхээр тийм чухал уу? 

 

Амьдрал богинохон. Миний өнөөдөр бодож, санаа зовниж, маргаж байгаа зүйл ер нь утга учиртай юу? Харамсалтай нь энэ асуултын ихэнх хариулт нь "үгүй". 

 

Цагаа дэмий үрэхгүйн тулд энэ асуултыг өөрөөсөө асуухаа бүү мартаарай. Марк Аврелийн жишээгээр өөртөө үргэлж үхэл ойрхон байгааг сануул. Ингэснээр та үг, үйлдэл, бодол санаагаа цэгцлэнэ. 

 

10. Би хүссэн тэр хувь хүнээ бүтээж чадсан уу?

 

Бид бол өөрсдийн үйлдлийн үр дүн. Тиймээс аливаа зүйл хийхдээ "Миний хүсэж байсан хүнийг энэ үйлдэл илтгэх үү? Би өөрийгөө ингэж харахыг хүсэх үү?" гэж асууж байгаарай.

 

Бид ярьснаасаа өөр зүйл хийх тохиолдол олон. Тиймээс үйлдэл, бодол санаа, үг бүртээ цэнэж, яг ийм байхыг би өөрөө хүссэн үү гэж асуугаарай.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
YAVAL YYNIIG OLON XYN OILGOX BOL.ZUV NIITLEL BOLJEE,OK
2021-10-24