Талибууд, босогчдын хоорондын мөргөлдөөний улмаас 17 хүн амиа алджээ
2021-10-25

Афганистаны баруун хойд хэсэгт байх Герат хотын зэвсэгт бүлэглэл болон "Талибан"-ы хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас 17 хүн амиа алдсаны дотор энгийн иргэд ч байсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 24-ний ням гарагт үдээс өмнө буудалцаан эхэлж, үдэш хүртэл үргэлжилсэн байна.

 

Энэ мөргөлдөөний улмаас амиа алдсан хүмүүсийн дунд долоон хүүхэд, гурван эмэгтэй байгаа гэнэ. Түүнчлэн олон хүн шархдсаныг эмнэлгт хүргэжээ. Энэ нь наймдугаар сарын 12-ны өдөр талибууд Герат хотод хяналтаа тогтоосноос хойш гарсан анхны зэвсэгт мөргөлдөөн гэж эх сурвалж онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Афганистаны эрх мэдлийг гартаа авсан талибууд энэ улсад энх тайвныг тогтооно гэж амалсан ч тэдний санасанчлан нөхцөл байдал тогтворжихгүй байгаа юм. Афганистанд дэлбэрэлт үйлдэх нь олширсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд 10 дугаар сарын 23-ны бямба гарагт Желалабад хотод мина суурилуулсан газраар явсан суудлын машин дэлбэрч, нэг хүүхэд амиа алдан, хоёр хүн шархдсан байна. Энэ үйл явдал Бехсуд хороололд болсон, тэсрэх төхөөрөмжийг "Талибан" хөдөлгөөний дайчдыг хөнөөхөөр суурилуулсан ч энгийн иргэд өртсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин