Зарим эм тариа тасарч, коронавирусийн эмчилгээний багц дуусчээ
2021-10-28

БНХАУ-ын Эрээн хотын коронавирусийн халдвар гарч, боомт хаагдсанаас манай улсын эм ханган нийлүүлэх төвүүдэд зарим бүтээгдэхүүн тасарчээ. Тухайлбал, дуслын систем, нэг удаагийн тариур, антибиотик, натри, рингер зэрэг бүтээгдэхүүн дууссан байна.

 

Эдгээр нь коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох эмийн сангуудаар уг эм тариаг сурагласан иргэд маш их байлаа. Манай улс натри, дуслын систем зэргийг дотооддоо үйлдвэрлэдэг ч түүхий эд нь дууссанаас үйлдвэрлэл зогсчээ. 

 

 

Фарм трейд эм ханган нийлүүлэх төвийн эм зүйч дуслын систем, нэг удаагийн тариур, антибиотик, натри, рингер зэргээс бусад эм тарианы хувьд нөөц байгаа, үнэ нэмэгдээгүйг хэлж байна. Харин хилийн цаана гацсан эм, хэрэгслээ татах аргагүй, боомт нээгдэхийг хүлээж буй аж. Төмөр замаар бараа бүтээгдэхүүн орж ирдэг ч маш их хүлээгддэг 08 дугаар сард захиалсан эм, тариа одоог хүртэл ирээгүй байгааг хэлж байна

 

Ган-эм эм ханган нийлүүлэх байгууллагад мөн л тариур, систем, шингэн, антибиотик, рингер тасарчээ. Хэрвээ ачаа тээврийн үнэ нэмэгдвэл эм тарианы үнэ дагаад өснө. Бараагаа гаалиар оруулж ирэхийн тулд салбарын яаманд хандсанаа тус байгууллагын ажилтан хэлж байна.

 

Ази фарм эм ханган нийлүүлэх төвд мөн л дуслын систем, антибиотик, натри, рингер байхгүй. Харин нэг удаагийн тариур уржигдар ирсэн байна. Бусад эм тарианы нөөц хэвийн байгаа гэнэ. Мөн үнэ ч нэмэгдээгүй байна.

 

Эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн сангуудад эм тариа тасарч, иргэд маш их бухимдалтай байна. Тэгвэл энэ хомстол коронавирусийн эмчилгээнд хэрхэн нөлөөлж буйг тодруулахаар Чингэлтэй дүүргийн IV, V хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөр орж, эмч н.Нандинзаяатай уулзлаа. Тус өрхийн эрүүл мэндийн төвд коронавирусийн эсрэг эмнүүд дуусчээ.

 

Учир нь хил хаагдсанаас шалтгаалан эмийн хомсдол үүссэн. Мөн тус эрүүл мэндийн төвийн санхүүжилт ороогүйгээс гэрээр эмчлүүлж буй иргэдэд коронавирусийн эмчилгээний эмийн багцыг өгч чадахгүй байгаа гэнэ. Эмээ 14 хоногийн өмнө захиалсан бөгөөд коронавирусээр өвдсөн иргэдэд зөвлөгөө өгч, гэр рүү нь буцааж байгаагаа эмч н.Нандинзаяа учирлаж байна.

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо дуслаар юу хийдэг юм бэ, монгол тангуудаа уухгүй юу. дураараа өөрөө өөртөө онош тавиад өөрийнхөөрөө дураараа эмчлэх донтой монголчууд одоо ардынхаа уламжлалт тангаа ууцгаа, бас хоол цай, шингэн юмаа хэрэглэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээнэ шүү. Бүх юмыг хил гаальтай холбоод байх юм байхгүй. Өөрсдийн чинь байж байгаа царай л энэ. Сонгосон төрийн засгийн чинь нүүр царай ийм байна. Өөр яахав дээ. Чацга царайлаад гонгиноцгоогоод байхаас өөр юу чадна гэж.
2021-10-28
ЗА ОДОО НӨГӨӨ НЭГ ХҮНД 111 САЯ ТӨГРӨГӨӨР ЭМЧИЛСЭН ГЭЭД БАЙСАН НЬ ХАЙЧСАН БЭ, ТЭР НӨХРӨӨС МӨНГӨӨ АВМААР БАЙНА.
2021-10-28
Үнэ нэмэх гэсэн ЭМЯ-ны бодлого шүү.
2021-10-28