Малын махны үнэ 1 000, тахианых 10 000 төгрөгөөр нэмэгджээ
2021-10-29

Монгол Улсын 18 аймагт малын халдвар өвчин гараад байна. Энэ өвчлөл махны нийлүүлэлт, үнэ ханшид хэрхэн нөлөөлж байгааг Хүчит шонхор захаас сурвалжиллаа. Өнөөдрийн байдлаар махны үнэ 10 дугаар сарын эхэн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Энэ сарын эхээр үхрийн цул мах 11 000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 12 000-13 000 төгрөгийн ханштай байна. Харин ястай махны үнэ 9500 төгрөгөөс 10 500 болон өссөн байна.

 

Адууны ястай мах 8500, цул мах 9500 төгрөгийн байна. Монголчууд хүйтэн сэрүүний улиралд адууны махыг ихээр хэрэглэдэг. Энэ эрэлтээс үүдэн адууны махны үнэ өсөх магадлалтай гэнэ.

 

 

Харин хонины мах ястай мах 8500, цул мах 9500 төгрөгийн үнэтэй байна. Мөн ямааны мах 9000, тэмээний махыг 8500 төгрөгөөр худалдаалж байна.

 

Харин малын өвчин махны нийлүүлэлтэд төдийлөн нөлөөлөөгүй бололтой, одоогоор нийлүүлэлт хэвийн байна. Монголчуудын өвлийн идэшээ бэлдэх үе ойртож буй тул эрэлт ихэснэ. Үүнийг дагаад махны үнэ дахин өснө гэдгийг худалдаачид хэлж байна.

 

Өнгөрсөн жилүүдэд БНХАУ руу адууны махыг их хэмжээгээр экспортолдог байсан. Харин энэ жил урд хөршийн хил хаалттайгаас экспорт зогсч, адууны махны нийлүүлэлт хэвийн байгааг худалдаачид хэлж байна.

 

Худалдаачид махны үнэ ханш зах зээлийн жамаараа хэлбэлзэж байгаа учраас   1000 төгрөгийн нэмэгдэл байх л өсөлт гэж үзэж байна. Харин мах худалдан авч буй иргэд худалдаачдаас өөр бодолтой байна. Иргэн “Манайх 4 ам бүлтэй. Би 650 000 төгрөгийн цалин авдаг. Махны үнэ хэтэрхий өндөр учраас зөвхөн сарын хэрэгцээнийхээ махыг л худалдаж авдаг. Махаа бөөнд нь авахаар харьцануй хямд байдаг ч мөнгө хүрэлцдэггүйн улмаас махны ченж нарын хэлсэн үнээр нь жижиглэнгээр худалдан авдаг”-аа учирлаж байлаа.

 

Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт хэвийн байна. Гэхдээ өвлийн идэшний цаг ирж буй учраас эрэлтийг дагаад махны үнэ цаашид өсөхийг Хүчит шонхор захын худалдаачид хэлж байна.

 

Тахианы махны үнэ 30 мянгад хүрчээ

 

Тэгвэл хил гааль хаагдсанаас үүдэн тахианы махны нөөц хангалт, үнэ ханш ямар байгааг сонирхлоо. Тахианы мах хомстож байгааг худалдаачид дуулгаж байна. Мөн үнэ нь ч нэмэгдэж, 30 мянгад хүрчээ. Тахианы цул мах 20 000 төгрөгийн үнэтэй байсан бол 30 000 төгрөг болон нэмэгджээ. Мөн тахианы ястай махыг 9500-11000 төгрөгөөр худалдаалж байна.

 

Харин гахайны махны нийлүүлэлт хэвийн байгаа учраас үнэ нэмэгдээгүй 14 000 төгрөгийн ханштай байна.

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин
DAMBAA:
MALIIN MAHAA BAS URDAAS AVDAG BOLJER
2021-10-29