Эрэгтэйчүүдэд тархины харвалт өгөх магадлал илүү өндөр байдаг
2021-10-29

Өнөөдөр /2021.10.29/   Эрүүл Мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын харвалттай тэмцэх нийгэмлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэг хамтран “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийлээ. Энэ өдрийг угтан эрүүл мэндийн салбарын ажилчид, байгууллагууд тархины харвалтын эрсдэл хүчин зүйлсийг ард иргэдэд анхааруулах, таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

 

 

УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо “Манай улс тархины харвалтын давтамжаар өндөр өвчлөлтэй орны тоонд ордог. 2020 оны байдлаар нийт нас баралтын 34.2 хувийг зүрх болон тархины судасны өвчлөл эзэлж байсан. Үүнээс 24.5 хувийг тархины харвалт эзэлж байгаа юм. Жил бүр дэлхий дахинд 15 сая орчим хүн харвалт болдог байна. Харвалт аль ч насанд тохиолдож болно. Ажиглаад байхад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү харвалтанд өртдөг. Тархины харвалт болсноо хэрхэн мэдэх вэ гэвэл нүүр мурийх, гар хөл сулрах, хэл яриа ээдрэх зэрэг шинж илэрч болдог. Харвалтын шинж тэмдгийг аль болох эрт илрүүлж, хурдан хугацаанд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

 

Тархины харвалт нь мэдрэлийн эмгэг дундаас тахир дутуу болох гол шалтгаан болж байдаг бөгөөд харвалт үүсгэх хүчин зүйлсэд даралт ихсэх, тамхи татах, цусан дахь өөх тос ихсэх, таргалалт, судасны эмгэгүүд багтдаг. Дэлхий дахинд жил бүр  6 сая хүн харвалтаар нас бардаг бол 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог гэсэн статистик бий.

 

О.Төгөлдөрмаа

 

Shuud.mn
Сонин хачин