Хэллоуиний үеэр цус урсгасан хэргүүд гарчээ
2021-11-01

Аравдугаар сарын 31-ний өдөр Америк даяар тус улсын гол баяруудын нэг болох Хэллоуиний баярыг тэмдэглэсэн юм. Харин энэ баярыг цуст Хэллоуин болгож, үеэр хүний амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан талаар CBS мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Калифорни мужийн Сакраментогийн нэгэн дүүрэгт Roayl Castle- ийн үдэшлэгийн танхимд Хэллоуинд зориулсан эротик үдэшлэг зохион байгуулагдах үеэр гэмт этгээдүүд гал нээсэн байна. Энэ хэргийн улмаас хоёр хүн газар дээрээ амиа алдаж, таван хүн шархаджээ. 

 

Хэллоуинд зориулсан үдэшлэгийн үеэр 300-400 хүн цугласан байх магадлалтай бөгөөд хэргийн учир шалтгаан болон хэрэг үйлдсэн этгээдүүдийн талаарх мэдээлэл гараагүй, цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ. 

 

Сүнсний баярыг цус урсгасан үдэш болгосон тохиолдол нь ганц энэ хэрэг байсангүй. АВС агентлагийн мэдээлснээр, Техас мужид мөн л дээрх үдэшлэг дээр гарсантай ижил хэрэг болсон байна. Цагдаагийнхны мэдээлснээр, Тексаркан дахь нэгэн клубт Хэллоуиний үдэшлэгийн үеэр нэгэн этгээд гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн шархаджээ. Цагдаагийнхан дуудлагаар очиход гэмт этгээд машинаар зугтсан бөгөөд түүнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин