Халдвар дэгдсэн Өвөр Монголд албан тушаалтнуудыг халсаар байна
2021-11-02

Коронавирусийн халдварын тохиолдол анх бүртгэгдэж байсан Хятад улс богино хугацаанд цар тахлыг даван туулахын тулд хөл хорио тавьж, албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэргээр хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байлаа. Үүний дүнд 1,4 тэрбум хүн амтай энэ улсад 2019 оны 12 дугаар сарын сүүлээр анхны халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл ердөө 97 243 халдварын тохиолдол бүртгэгдсэн юм. Хэсэг хугацааны туршид энэ улсад өдөрт нэг ч халдвар бүртгэгдээгүй байсан бол 10 дугаар сарын дунд үеэс хойд нутгуудаар нь буюу манай улстай хиллэдэг Өвөр Монголын аймгуудаар халдвар бүртгэгдсэнээр дахин хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэн, үүнтэй холбоотойгоор албан тушаалтнуудад ч хариуцлага тооцсоор байна. 

 

Өмнө нь манай улстай хиллэдэг Эзнээ хошууны Эрүүл мэндийн хорооны дарга, цагдаагийн дарга зэрэг албан тушаалтнуудыг халдварын дэгдэлтийг хянаж чадаагүй хэмээн буруутгаж ажлаас нь халж байв. Тухайлбал, коронавирусийн халдвар бүртгэгдсэний дараа Эзнээ хошуунд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах үүднээс хяналтын постууд ажиллуулж, үүгээр гагцхүү нэн шаардлагатай хүмүүсийг тээврийн хэрэгслийн хамт нэвтрүүлж байлаа. Харин энэ постуудаар дайралгүй, "хулгайн зам"-аар нэвтэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн тул ийм байдал үүсгэсэнд цагдаагийн орлогч даргыг буруутган ажлаас нь халж байсан юм. 

 

Харин энэ удаад Хятадын баруун хойд хэсэгт байх Ганьсү мужийн Тяньшүй хотод халдвар дэгдсэнд буруутган Эрүүл мэндийн комиссын тэргүүн Чэнь Кэсяо, хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дарга У Ижун нарыг үүрэгт ажлаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан талаар Глобал Таймс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа Ланьжоу, Тяньшүй хотуудад халдварын тохиолдлын ихэнх нь бүртгэгдсэн байна. Улмаар энэ хотуудад Хятадын дэд сайд Сунь Чунлань пүрэв гарагаас баасан гарагийн хооронд биечлэн шалгалт хийж, коронавирусийн халдварын дэгдэлтийг хумих үр дүнтэй, оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Ганьсү мужид ням гарагийн байдлаар халдварын тохиолдол 105 бүртгэгдсэнээс Ланьжоуд 68, Тяньшүйд 15 тохиолдол бүртгэгдсэн байна. 

 

Өмнө нь Хятадын хойд нутаг дахь Хятад-Монголын хил дээр орших Альшаа хошуу, Эзнээ хошуу зэрэг бүс нутгуудад 10 дугаар сарын 23-30-ны хооронд нийт таван албан тушаалтныг ажлаас нь халсан юм. Түүнчлэн Хятадын зүүн хойд Цинхай мужийн эмнэлгийн захирлыг шинжилгээ авах тоног төхөөрөмжтэй хайхрамжгүй хандсан гэж ажлаас нь халсан бол Эзнээ, Альшаа хошууны нийгмийн аюулгүй байдлын товчоо, иргэний хэргийн товчоо, эрүүл мэндийн комиссын ажилтнуудыг ажлаас нь халж, хариуцлагад татахаар болсон юм. 

 

Ковидтой хийх Хятад маягийн тэмцэл 

Коронавирусийн халдвар анх дэгдэж, дэлхий даяар тархаж эхэлснээс хойш л Хятадыг бодит байдлыг нуун дарагдуулсан, бүхэл бүтэн хотыг хорионд оруулж, байр байшинд нь хүмүүсийг цоожилсон, шатаасан гэх зэрэг яриа, мэдээлэл гарсаар байлаа. Энэ бүх яриа гарах болсон үндэс нь тус улсын хатуу шийтгэлийн журам юм. 

 

Хүн ам олонтой Хятадын эрх баригчид халдварын тархалтыг хумих үүднээс анхнаасаа л цар тахлын үед журам зөрчвөл хатуу шийтгэл ноогдуулна гэж анхааруулж байв. Тухайлбал, коронавирусийн дэгдэлтийн үед авлига авсан, хуурамч эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тараасан, бусдад коронавирус зориуд халдаасан, эмч нарт халдсан бол цаазаар авах хүртэлх ял оноох тухай Хятадын эрүүгийн хуулинд заасан байна. 

 

Тэр дундаа "коронавирусийн халдвартай нь оношлогдсон хүмүүс эмчлүүлэх, хөл хорионд орохоос татгалзах, хөл хорионы дэглэм зөрчих, олон нийтийн газар болон тээврийн хэрэгслээр зорчвол" цаазаар авах ял сонсож болзошгүй гэдгийг Хятадын иргэдэд анхааруулж байв. Мөн албан тушаалтнуудыг эрх мэдлээ ашиглан өмч хөрөнгө завшсан бол цаазаар авахуулна гэж сануулж байлаа. 

 

Одоогоор дээрх хэрэг зөрчлийн улмаас цаазаар авахуулсан хүний талаарх мэдээлэл хараахан гараагүй. Гэхдээ зөвхөн иргэдийг айлгах төдий биш албан тушаалтнуудад хариуцлага тооцож байж халдварын тархалтыг хумина гэсэн байр суурин дээр Хятадын эрх баригчид хатуу зогсож байлаа. Тиймдээ ч энэ удаад Өвөр Монголын албан тушаалтнуудыг ажлаас нь халсан шиг өмнө нь ч халдварын дэгдэлт гарах үеэр холбогдох эрх мэдэл бүхий этгээдүүдэд хариуцлага тооцож байлаа.

 

Тухайлбал, долдугаар сарын сүүлээр Жянсү мужид халдварын тоо 1200 болж, өдөрт бүртгэгдэх тохиолдол 100 давсан эгсэн үндэслэлээр хотын эрүүл мэндийн хорооны дарга, мөн өөр 20 албан тушаалтныг ажлаас нь халж, хариуцлага тооцож байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хамгийн хүнд үеийг хувь хүний хатуу сахилга хариуцлага , журам дүрмээр л давж туулсан байдгийн олон жишээ түүхийг дэлхийн түүхээс уншиж мэдэж болно. Бидэнд дэлхийн түүхээс харж сурах юм их л байх юм даа.
2021-11-02
sodnom:
uu za za manai darga nar bol ali hezeenii hvzvvgvi bolchihiin baina.
2021-11-02
б:
баасны ялаа шиг лалрууд өөрсдөө 14 хүн туслаач гэх шиг монгол 600 хүнч гэх шиг хэн нь олон хүнтэы юм бэээ малуудаа
2021-11-02
Ийм тулгамдсан үед Хятадынх шиг хатуу чанга дэглэм гарцаагүй хэрэгтэй. Зөөлөн байвал вакцин ч хийлгэхгүй, тэр ч бүү хэл амны хаалт зүүхийг эсэргүүцдэг тэнэгүүд ямар олон байдгийг одоо бид мэдвэл мэдэх болсон...
2021-11-02
Олон хүмүүсийг ингэж барихгүй бол хачиг юм болно хатуу байснаар л өвчингүй давж гарна
2021-11-02