Эрхүүд АН-12 онгоц сүйрчээ
2021-11-04

Лхагва гарагийн үдэш Эрхүүг чиглэн нисэж явсан Беларусийн "Гродно" агаарын тээврийн компанийн Ан-12 ачаа тээврийн онгоц радараас алга болсон талаарх мэдээлэл гарч байв. Удалгүй энэ онгоц сүйрсэн гэдэг нь тодорхой болжээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, лхагва гарагийн орой Ан-12 онгоц Эрхүү хотоос холгүйхэн Пивовариха суурингийн нутаг дэвсгэрт сүйрсэн бөгөөд аврагчид онгоцын экипажийн долоон гишүүний цогцосыг олсон байна. 

 

Беларусийн агаарын тээврийн "Гродно" компанийн Ан-12 онгоц 11 дүгээр сарын гурванд, орон нутгийн цагаар 19:45 цагт Эрхүүгийн зурвас руу орох үедээ радараас алга болжээ. Үүний өмнө онгоцны экипаж хоёр дахь тойрог руу орох шаардлагатай байгааг илтгэсэн байна.

 

Ингээд 3-4 секунд орчимд онгоцны өндөр 230 метрээс 120 метр болтлоо өөрчлөгдөж, улмаар радараас алга болсон байна. Онгоц унах үедээ түлш асгарсаны улмаас шатаж, ослын газарт 300 кв.м талбайд гал түймэр гарчээ. Онгоцонд байсан бүх хүн амиа алдсан бөгөөд тэд Орос, Беларусь, Украины иргэд байсан гэж Эрхүүгийн эрх баригчид мэдэгдсэн байна.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Ан-12 онгоц Чукотка руу хүнс хүргээд буцаж явжээ. Энэ онгоц Якутск-Эрхүү чиглэлээр нислэг үйлдэж, хотуудад техникийн буулт хийж байсан гэнэ. Осолдсон онгоц 1968 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд нислэг үйлдэхийн өмнө онгоцны техник ажиллагаа хэвийн байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Orosyn tehnik tehnology gej avah yum alga aa...hed dehi ni ve ?!
2021-11-04