Ч.Буянжаргал: Яндангийн сойлтыг хааснаас угаартах эрсдэл нэмэгдэж байна
2021-11-08

 

Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлт, цаг үеийн асуудлаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой Түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийж байна. 

 

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

 

-Угаарын эрсдэлийн аянг жил бүрийн аравдугаар сард зохион байгуулдаг. 2019,2020 онуудын галлагааны улиралд иргэдийн түлш түлэх мэдлэг, мэдээлэлтэй холбоотой уг аянуудыг зохион байгуулдаг байсан. Угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй болгоомжгүй үйлдлүүдээс үүссэн байна. Угаарын эрсдэлд зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүд өртдөг. Нийт 45 орчим хувийг эзлэдэг.  Угаар үнэртдэггүй, амтагддаггүй,  нүдэнд харагддаггүй. Ингээд хүний амь нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

 

Жилийн жилд угаарын эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Энэ жилээс Тавантолгой түлш компани угаар мэдрэгч дамжуулагчийг байршуулж байна. Тухайлбал нэг айлд угаарын эрсдэл үүсэхэд угаарын төвд дохио ирнэ. Ингээд тухайн айл руу холбогдож мэдээлнэ.

 

Угаарын эрсдэлээс олон талын хамтын ажиллагаа сэргийлдэг. Угаарын эрсдэлээс сэргийлэх аяны хүрээнд НЭМГ-т 2021 оны аравдугаар сард 430 угаарын дуудлага ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага байна гэсэн дүгнэлт гарсан. Тавантолгой Түлш компани угаарын эрсдэлүүдийг судлахаар аравдугаар сард 200 гаруй байна гэсэн.

 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтанзул:

 

-Угаарын хийн хордлогоос эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага энэ оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мөн сайжруулсан түлш түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих” төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Иргэд зуухны битүүмж шалгахгүй байгаагаас угаарын хордлогод өртөөд байна. Мөн улсаас үнэгүй олгосон угаар мэдрэгчийг хэвийн ажиллагаатай эсэхийг шалгахгүй байна. Сайжруулсан түлшний уутан дээр байрлуулсан зааварчилгааг анзаарахгүй, үзэж судлахгүй байгаагаас эрүүл аюулгүй амьд явах эрх нь зөрчигдөж байна. 

 

“Тавантолгой Түлш” компанийн Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:

 

-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 210 мянга гаруй өрхөөс 187 мянга гаруй өрх нь сайжруулсан шахмал түлш түлж байгаа. Угаарын хийн хордлого нь хэд хэдэн шалтгаантай. Борооны улиралд яндангаа авч өрхөө бүтээснээс угаартах эрсдэл нэмэгддэг. Харин өвлийн улиралд яндангийн сойлтыг хааснаас угаарт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Нийт ирж байгаа дуудлагын 70 хувь нь яндангийн сойлт хаасан гэх шалтгаантай байна. 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин