Вакцин тариулсан хүмүүсийг танкаар зугаацуулна
2021-11-08

Дэлхийн улс орнууд коронавирусийн халдварыг хумихын тулд иргэдээ вакцинд хамрагдахыг уриалан, иргэдийн идэвхийг сэргээх үүднээс төрөл бүрийн шагнал урамшуулал бүхий сугалаа, хөнгөлөлт зэрэг төрөл бүрийн арга хэрэглэсээр байна. Эдгээр дундаас Швейцарийн Женев хотын  эрх баригчид нэгэн сонирхолтой хөтөлбөр оршин суугчдадаа санал болгожээ. 

 

РИА Новости агентлагийн мэдээлснээр, Женевт өнөөдрөөс дархлаажуулалтыг идэвхжүүлэх үндэсний долоо хоног эхэлж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 8-14-ний хооронд коронавирусийн вакцины анхны тунгаа хийлгэсэн хүмүүсийг Засгийн газрын бөмбөгдөлтөөс хоргодох байр, нисэх буудлаар танктай зугаалах аялалд оролцохыг урьсан байна. 

 

Женевт үндэсний дархлаажуулалтын долоо хоногийн хугацаанд хүн амдаа коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины ашиг тусын талаар ухуулан таниулж, эргэлзэж байсан хүмүүсийг эхний тунгаа хийлгэхийг уриалж байгаа юм. Энэ хөтөлбөрт эрх баригчид 96 сая франк зарцуулахаар төлөвлөжээ. 

 

"Дархлаажуулалтын үндэсний долоо хоногийн үеэр эхний тунгаа хийлгэсэн хүн бүр хүсвэл Женевийн хосгүй газруудаар аялах боломжтой. Тухайлбал, Төрийн зөвлөлийн орлогч даргатай хамт хуучин хотод байрлах Засгийн газрын бөмбөгдөлтөөс орогнох байр, нуураар зугаалах, нийгмийн аюулгүй байдлын бригадтай хамт өндөр барилгаас тусгай төхөөрөмжөөр буух, Женевийн нисэх буудлын хөөрөх буух зурвасаар "Пиранья" танкаар явж үзэх гээд олон сонирхолтой хөтөлбөр бий" хэмээн Засгийн газрын цахим хуудсан дээр мэдээлсэн байна.

 

Энд дуулгахад, Швейцарт коронавирусийн халдварын тохиолдол дахин нэмэгдэж байгаа юм. Сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн тохиолдол өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 30 хувиар өссөн байна. Швейцарт өдөрт 1,7 мянга орчим халдвар шинээр бүртгэгдэж байгаагийн дээр халдвар хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол 20 хувиар нэмэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин