Италид талийгаачдаа нутаглуулж чадахгүй байна
2021-11-11

Италийн Сицили арлын нийслэл Палермо хотод "оршуулгын хямрал" нүүрлэжээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Ротоли ди Палермо оршуулгын газарт зай үлдээгүйн улмаас 800 гаруй шарилыг гудамжинд эгнүүлэн байрлуулсан байна. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, шарил дээр цэцэг тавихын тулд хүмүүс оршуулгын газрын гадаа эгнүүлэн тавьсан авснуудын  хажуугаар өнгөрөхөөс аргагүй болжээ. Зарим шарил хэдийнэ ялзарч эхэлсэн бөгөөд үүнээс үүдсэн үнэр орчинд тархсан талаар оршин суугчид хотын захиргаанд удаа дараа шаардлага хүргүүлсэн ч асуудал шийдэгдэхгүй хэвээр байгаа гэнэ.

 

"Хамгийн гутамшигтай нь гомдол, шаардлага хүргүүлээд ч энэ аймшигтай нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. Олон шарил ялзарч, таагүй үнэр гарах болсон. Хотын дарга, захиргаа энэ асуудлыг шийднэ гэдэг ч өнөө хэр байдал өөрчлөгдөөгүй байна" хэмээн Палермон хотын оршин суугч Мариа Раймонди Евроньюс агентлагт ярьжээ.

 

Палермо хотод оршуулгын газрын зай талбайтай холбоотой асуудал 40 жилийн тэртээгээс л яригдсан байна. Энэ хугацаанд хотын захиргаа огт ажил хийгээгүй гэж оршин суугчид буруутгажээ. Жилийн өмнөөс энэ хотын шарил чандарлах газар ажиллахаа больсон бол цар тахлын улмаас нас баралт эрс нэмэгдэж, оршуулгын газрын нөхцөл байдал улам хүндэрсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин