ХААН Банк Сан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ
2021-11-15

Цар тахлаас үүдсэн шинэ нөхцөл бидний амьдралын хэв маягийг өөрчилж, ажил мэргэжил бүрийн онцлогийг олж харах, тэр дундаа, цагдаа, онцгой байдал болон эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэх, тэдний мэдлэг, хөгжилд хөрөнгө оруулах нэн чухал шаардлага тулгарч буйг тод харуулж байна. Эл амаргүй өдрүүдэд хүн амын эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж буй сувилагч, асрагч нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгосон нэгэн хөтөлбөрийг ХААН Банк Сангаас амжилттай хэрэгжүүллээ.

 

 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, мөн албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилгын хүрээнд ХААН Банк Сан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг анхны жилдээ санаачлан, хэрэгжүүлж, 120 сувилагч, асрагч хамруулсан юм.  

 

Хөтөлбөрийн хүрээнд тэд хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол болон сэтгэлзүйн сургалтаас сонгон суралцсан бөгөөд идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтээрээ манлайлсан 40 оролцогч дотоодын их, дээд сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдан сургалтын төлбөрийн 90 хувийн тэтгэлэг хүртэхээр болсон билээ.

 

ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар “ХААН Банк Сан эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, эмэгтэйчүүд, тэр дундаа сувилагч, асрагчдыг зорилтот бүлгээр сонгосон. Учир нь 2019 оны байдлаар Монгол Улсад сувилагч мэргэжилтэй нийт 13 мянга орчим хүн байдаг бөгөөд судалгаанд дурдсанаар тэдгээрийн 70 гаруй хувь нь гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх институтэд суралцах, зэрэг горилох, туршлага хуримтлуулах сонирхолтой байдаг юм байна. Мөн мэргэжил болон ажлын байрны онцлогоос хамааран гадаад хэл сурах, хувь хүний хөгжлийн чиглэлээр анхаарал хандуулах боломж хомс тухай дурджээ. Иймд тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэн нийгмийн захиалгат ажлыг гүйцэтгэхээр зорилго тавьсан. Мөн цаашид энэхүү хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж, салбар бүрийн эмэгтэйчүүдийг хамруулахад анхаарч ажиллана” гэв.

 

Хөтөлбөрийн оролцогч Б.Аминжаргал “Энэ цаг үед Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөрт оролцуулж, сувилахуйн чиглэлээр цаашид суралцах боломж олгон, урам зориг өгсөнд үлэмж ихээр талархаж байна.

 

Манай оронд сувилахуйн үйл ажиллагаа үнэ цэнийг ойлгохгүй байх явдал түгээмэл ажиглагддаг. Сувилагч асрагч нарт урам өгсөн, үнэ цэнийг нь ойлгуулсан цаг үеэ олсон сайхан хөтөлбөр болсон байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Дэлхий даяар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын үнэлэмж нэмэгдэж, тэднийг өндрөөр үнэлэх болсон энэ цаг үед сувилагч, асрагчдыг чадавхижуулах зорилготой уг хөтөлбөрийн үр дүн нийгэмд илүү сайн сайхнаар нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Shuud.mn
Сонин хачин