Цагаачлалын хямралаас үүдэн АНУ Беларусьт хориг тавина
2021-11-16

Польштой залгаа хил дээрх цагаачид, дүрвэгчдийн нөхцөл байдлын улмаас Александр Лукашенкогийн дэглэмийн эсрэг шинээр хориг тавихаар болсон талаараа Вашингтон зарлалаа. Төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүн Нед Прайс даваа гарагт мэдэгдэл хийхдээ Беларусийн эрх баригчдын "хүнлэг бус үйлдлүүдтэй " холбоотойгоор "Европын холбоо болон бусад түнш, холбоотнуудын хамтаар" хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон талаар мэдэгдсэн байна. 

 

"Ардчилал, хүний эрх, олон улсын дүрэм журамд халдсаар байгаа тул" Лукашенкогийн дэглэм хариуцлагад татагдах ёстой гэж Прайс цохон тэмдэглэжээ. "Эмзэг хүмүүсийг хүнлэг бусаар ашиглан, албадаж, хилээр дүрвэгчдийн хууль бус урсгалыг дэмжиж байгааг бид эрс шүүмжилж байна" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, Европын холбооны дорнод хил дээр олон мянган цагаач бөөгнөрсөн 11 дүгээр сарын наймны өдрөөс хил дээрх нөхцөл байдал  хурцадсан юм. Польш-Беларусийн хил дээр олон мянган хүн бөөгнөрч, хүйтэнд гадаа хонож байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд бүлэг хүмүүс хилийг хууль бусаар нэвтрэх оролдлого удаа дараа гаргасаар байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкт энэ ямар хамаа байна. Саваагүй Нохой Саранд хуцна гэдэг болж бна.
2021-11-16