Талибан: Афганистаны хүнсний хямрал өмнөх Засгийн газраас үүдэлтэй
2021-11-16

Афганистан дахь хүнсний хямрал өмнөх засгийн газрын үлдээсэн "өв" гэж Талибаны Эрүүл мэндийн орлогч сайд мэдэгдсэнийг AFP мэдэгджээ.

 

Афганистаны 22 сая оршин суугч буюу хүн амын тал нь ирэх өвөл хүнсний нэн хомстолтой нүүр тулна гэж НҮБ анхааруулж байлаа. Энэ нь ган гачиг, талибууд эрх мэдлийг булаан авснаар даамжирсан эдийн засгийн хямралаас үүдэлтэй гэж НҮБ онцолж байсан юм. Харин үүний хариуд талибууд өмнөх засгийг буруутгасан байна. 

 

"Өмнөх дэглэмээс өвлөн үлдсэн нэн чухал асуудал байна. Энэ бол хоол хүнсний дутагдал" хэмээн Афганистаны Эрүүл мэндийн орлогч сайд Абдул Бари Омар мэдэгджээ.

 

Тэрбээр, энэ оны эцэс гэхэд Афганистанд тав хүртэлх насны 3,2 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орно гэсэн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээллийг иш татаж, АНУ-ын дэмжлэгтэй өмнөх засгийн газар энэ сүйрлээс сэргийлэхийн тулд хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгасан байна.

 

"Сүүлийн хорин жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар гадаад улс орны тусламжаас хамааралтай болсон. Ямар ч ажил хийгээгүй. Үйлдвэр бариагүй, дотоод нөөц боломжоо ашиглахгүй байна. Гадаад эх үүсвэр багасч, олон улсын байгууллагууд тусламжаа танаж байгаа энэ үед бид яаж үйлчилгээ үзүүлэх юм?" хэмээн Афганистаны Эрүүл мэндийн орлогч сайд мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин