COVID-19: Вакцин тариулаагүй хүмүүст хязгаарлалт тавина
2021-11-19

Дэлхийн улс орнууд коронавирусийн тахлыг даван туулахын тулд дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, вакцинд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс урамшуулал амлаж байсан бол сүүлийн үед вакцингүй хүмүүсийн эсрэг хатуу арга хэмжээ авсаар байна. Тэр дундаа, коронавирусийн вакцин тариулаагүй хүмүүсийн чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарласаар байгаа юм. Өмнө нь Австри, Герман, Грек, Чех зэрэг орнууд вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоож байсан бол энэ удаад Словак улс энэ төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. 

 

РГ агентлагийн мэдээлснээр, Словакт вакцин тариулаагүй болон коронавирусийн халдвар аваад эдгээгүй хүмүүст 11 дүгээр сарын 22-ны даваа  гарагаас эхлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Энэ өдрөөс эхлэн тэд эмийн сан зэрэг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрээс бусад худалдааны цэг, сүм, соёл, олон нийт, спортын арга хэмжээнд оролцох боломжгүй болох гэнэ. 

 

Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах энэ шийдвэр нь Словакт халдварын нөхцөл байдал эрс муудсантай холбоотой гэж тус улсын Ерөнхий сайд Эдуард Хегер мэдэгджээ.

 

Словакийн Ерөнхий сайдын өгүүлснээр, коронавирус "вакцин тариулаагүй хүмүүсийн өвчлөл" болсон гэнэ. Энэ улсад бүртгэгдэж буй тохиолдлуудын 70 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байгаа аж.

 

Таван сая гаруй хүн амтай Словак улсад халдварын тоо улам нэмэгдэж, өнгөрсөн хоногт гэхэд л 7,6 мянган батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 38 хүн нас баржээ. Энэ улсын 2,55 сая хүн вакцины бүрэн тунд хамрагдсан байна.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин