Д.Ганбат: МАН-ын сайд нар матрын нулимс гаргаж байна
2021-11-22

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга Б.Бейсен нар мэдээлэл хийв. Тус бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүд хэд хэдэн асуудалд анхаарах шаардлагатай гэж үзжээ.

 

 

Төмөр замыг сэргээн засварлахаар Япон улсаас маш хөнгөлөлттэй МОН-П1, МОН-П2 зээл авч, төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ зээлийн эргэн төлөлтөд татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулж байгаа нь зохистой биш. “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрөө ашигтай ажиллаж, зээлээ төлөх ёстой. Гаднаас авсан зээлсэн мөнгийг хамтарсан компани руу хийх нь хэр зохистой вэ. Хамгийн гол нь эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь оновчтой биш гэсэн дүгнэлтийг АН-ын бүлэг хийжээ.

 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Манай улс далайд гарцгүй учраас төмөр замыг онцгой анхаарч, хөгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдрийг болтол УБТЗ-ын даргыг нь томилж чадахгүй, гурван ч хүнийг санал болголоо. Санасан хэмжээнд хүртэл хөгжүүлж чадахгүй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Мөн тус бүлэг цаг үеийн зарим асуудал, тухайлбал улсын төсвийн талаар хэлэлцсэн байна. Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв дээр АН хатуу байр суурьтай байсан. Хариуцлагагүй төсөв орж ирсэн учраас буцааж татаж авахыг удаа дараа сануулсан. Гэвч МАН үнэмлэхүй олонх учраас улсын төсвийг хүч түрэн баталсан. Улсын төсөв бол хууль. Гэтэл Засгийн газрын гишүүд нь хуулийг хэрэгжүүлэхгүй гэж яриад эхэллээ. Нийгэм шүүмжлээд эхлэнгүүт МАН-ын сайд нар матрын нулимс гаргаж байна.

 

Удаа дараа хэлж байхад хариуцлагагүй хандсан учраас төсвийг татаж аваад, тодотгол хийх шаардлагатай гэсэн байр суурийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин