ТОДРУУЛГА: Эрээн хот хэвийн горимд шилжсэн ч боомтыг хэзээ нээх нь тодорхойгүй байна
2021-11-22

 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж, аравдугаар сарын 14-нээс хилээ хаасан. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас хил хаалттай байгаа. 

 

Иймд Эрээн хотын халдварын нөхцөл байдал болон хил хэзээ нээгдэх талаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас тодруулахад "Эрээн хот доторх хөдөлгөөнийг энэ сарын 20-ноос эхэлж хэвийн байдалд шилжүүллээ. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагыг иргэд болон ААН байгууллагуудад тавьж байгаа. Тодруулбал, амны хаалт тогтмол зүүх, биеийн дулаан хэмжих, 10-аас дээш хүнтэй хурал цуглаан уулзалт зохион байгуулахгүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Олон нийтийн саун, бассейн, кино театр зэргийг нээгээгүй байгаа.

 

Хотоос орох гарах хөдөлгөөнийг нээсэн. 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдийг хот руу нэвтрүүлж бас  хотоос гаргаж байна. Харин хоёр улсын хил нээх асуудалд тодорхой хугацаа заагаагүй байна. Бэлтгэл ажил хийгдэж байгаа. Бэлтгэл ажил дууссан цагт хил нээх байх гэж найдаж байна" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин