Алдартнуудыг эд баялгаа олон нийтийн сүлжээгээр харуулахыг хориглоно
2021-11-25 08:03

Хятад улс цахим ертөнцөд алдартнуудын түгээж буй мэдээлэлд тавих хяналтыг чангатгахаар болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, алдартнууд төдийгүй тэдний фэн клубүүд алдартнуудын тухай цахим орчинд хэрхэн бичиж байгаад ч хяналт тавих гэнэ. 

 

Энэхүү арга хэмжээ нь эрүүл, эерэг интернет орчин бүтээхэд чиглэгдсэн гэж Хятадын кибер орон зайн удирдах газар мэдэгдсэн байна. Тус байгууллагын үзэж байгаагаар оддын тухай шуугиан, тэднийг хэт их анхаарч байгаа нь Хятадын нийгмийн уламжлалт үнэт зүйлийг алдагдуулж байгаа гэнэ.

 

Тиймээс алдартай, хүмүүсийн үзэл бодолд ихээхэн нөлөөлдөг хүмүүсийн хувийн хуудас төдийгүй эдгээр алдартнуудын талаарх мэдээлэл хүргэдэг сайтууд, тэр дундаа алдартнуудын оролцсон сурталчилгааг ч хянахаар болсон байна.

 

Эд баялгаа цахим орчинд гайхуулах, алдартнуудын сурталчилж буй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахыг шүтэн бишрэгчиддээ уриалах зэрэг Хятадын нийгмийн үнэт зүйлсийг алдагдуулж байгаа алдартнуудын жагсаалтыг гаргахаар Хятадын кибер орон зайн удирдах газар төлөвлөжээ. Энэ ажилтай холбоотойгоор, "ёсзүйгүй авирласан"-ых нь төлөө шууд дамжуулалт хийхийг хориглосон 88 хүн багтсан жагсаалтыг мягмар гарагт нийтэлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин