Фаучи: Нэмэлт тун омикроноос хамгаална
2021-11-29

АНУ-ын халдвар судлалын ерөнхий эмч Энтони Фаучи нэмэлт тун коронавирусийн омикрон вирусээс хамгаалах хамгийн найдвартай арга гэж улсынхаа Ерөнхийлөгч Жо Байденд мэдээлсэн гэнэ. Түүний өгүүлснээр, коронавирусийн шинэ хувилбарын халдварлах чадвар, өвчин хүндрэх байдал болон бусад онцлогуудын талаарх илүү нарийн мэдээлэл авахад хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай гэнэ. 

 

"Одоо байгаа вакцинууд коронавирусийн хүнд тохиолдлуудаас тодорхой хэмжээгээр хамгаална гэж Фаучи үзсэн хэвээр байгаа. Бүрэн тунд хамрагдсан хүмүүст нэмэлт тун тарих нь коронавирусээс сэргийлэх хамгийн найдвартай арга гэж тэрбээр баталсан" хэмээн Цагаан ордноос гаргасан мэдээлэлд өгүүлжээ. 

 

Цагаан ордны шинжээчид вакцинд хамрагдсан бүхий л насанд хүрэгчдийг "аль болох хурдан хугацаанд нэмэлт тун тариулах"-ыг зөвлөсөн байна. АНУ-д Пфайзер, Модерна вакцин тариулсан хүмүүс зургаан сарын дараа, харин Жонсон энд Жонсон компанийн вакцин тариулсан хүмүүс хоёр дахь тунг тариулснаас хойш нэг эсвэл хоёр сарын дараа нэмэлт тунд хамрагдах юм. 

 

Мөн өнөөдөр, 11 дүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден омикрон штаммын нөхцөл байдал болон коронавирусийн тархалттай тэмцэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийх гэнэ. АНУ-д одоогоор омикрон штаммын халдвар бүртгэгдээгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин