Халдвар аваад эдгэрсэн хүн вакцин тариулвал Омикроныг саармагжуулах дархлаатай болно
2021-12-09

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага омикрон штаммтай холбоотой эхний судалгааг танилцуулжээ. Энэ судалгааг Өмнөд Африкт хийсэн бөгөөд одоогоор судалгаанд хамтарсан үнэлгээ хийгдээгүй байгаа ч зарим дүгнэлтийг гаргаж болно гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна. 

 

Судалгааны багыг удирдсан, Африкийн Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн вирус судлаач Алекс Сигалын мэдэгдсэнээр омикрон хувилбарыг саармагжуулах эсрэг биетүүдийн чадвар үнэхээр буурч байгаа ч омикрон дархлааг бүрэн эсэргүүцэж чадахгүй гэнэ. "12 хүний цусны шинжилгээн дээр суурилсан үр дүнг харахад миний бодож таамаглаж байснаас сайн үр дүн гарсан" хэмэн Сигал өгүүлжээ.

 

Профессор Сигалын үзэж байгаагаар, вакцин тариулах, тэр дундаа өмнө нь халдвар аваад эдгэрсэн  хүн вакцин тариулвал үүнээс үүдсэн дархлаа коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штаммыг саармагжуулах чадвартай гэнэ. Энэ нь нэмэлт тун ч өвчний хүндрэлээс сэргийлж чадна гэдгийг харуулж байгаа хэрэг хэмээн эрдэмтэн өгүүлжээ.

 

Өмнөд Африкийн эрдэмтдийн энэ дүгнэлттэй ДЭМБ ч санал нэгдсэн байна. 

 

"Одоо ашиглагдаж байгаа вакцинууд өвчин хүндрэх, эмнэлэгт хэвтэх зэрэг хүндрэлээс хамгаалж байгаа нь хэдийнэ батлагдсан. Мөн омикрон штаммд вакцин нөлөөлөхгүй гэж үзэх шалтгаан одоогоор алга" хэмээн ДЭМБ-ын Онц байдлын хэлтсийн захирал, доктор Марк Райан мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Пфайзер компани өөрсдийнх нь боловсруулсан вакцин Омикрон штаммын эсрэг хэр үр дүнтэй байх талаарх урьдчилсан судалгааныхаа дүнг танилцуулсан. Компанийн удирдлагын мэдээлснээр, Пфайзер вакцины гурван тун омикрон штаммыг саармагжуулах чадвартай гэнэ. Харин бусад вакцинтай хослуулан хэрэглэвэл ямар үр дүн гарах талаарх судалгаа одоогоор гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин