Австри: Вакцин тариулахаас татгалзсан хүмүүсийг 3600 еврогоор торгоно
2021-12-10

Коронавирусийн цар тахал намжихгүй, вирусийн хувилбар ар араасаа илэрч байгаа энэ үед дэлхийн олон орон вакцин зайлшгүй тариулах журам гаргаж, дархлаажуулалтаас татгалзсан иргэдийн эсрэг хязгаарлалт, торгуулийн арга хэмжээ нэвтрүүлсээр байна. 

 

Энэ удаад Австри улс вакцинаас татгалзсан иргэдээ торгохоор шийджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сараас эхлэн вакциныг зайлшгүй тариулах журам хэрэгжиж эхлэх бөгөөд энэ журам хэрэгжсэнээр вакцинаас татгалзсан хүмүүсийг 3600 еврогоор торгох шийдвэрийг Австрийн засгийн газар гаргасан байна. 

 

"Тухайн иргэн гэм буруугаа хүлээвэл торгуулийг багасгаж 600 евро болгоно. Түүнчлэн анхааруулга авсны дараа вакцинд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлвэл түүнийг торгохгүй" хэмээн Эрүүл мэндийн сайд Вольфганг Мюкштайн мэдэгдсэн байна.

 

Австрид албан журмаар вакцин тарих шийдвэрийг парламентад суудалтай таван намын дөрөв нь дэмжжээ. Энэ журмаас 14 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 180 өдрийн дотор коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс болон эмнэлгийн заалттай иргэд чөлөөлөгдөх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин