БНХАУ: АНУ чөлөөт худалдааны дүрмийг бүдүүлгээр зөрчиж байна
2021-12-17

АНУ Хятадын технологийн компаниуд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эсрэг хориг арга хэмжээ тавьсан талаарх мэдээлэл гарсан. Харин энэ нь чөлөөт худалдааны дүрэм зөрчсөн хэрэг гэж Хятадын тал үзэж байгаа аж. 

 

Тодруулбал, АНУ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь чөлөөт худалдааны дүрмийг бүдүүлгээр зөрчиж,  олон улсын нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдалд заналхийлэн, шинжлэх ухааны хөгжилд саад болж байна гэж АНУ дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнъюй ТАСС агентлагт өгүүлжээ. 

 

"Үндэсний аюулгүй байдлын концепцийг хэт өргөжүүлж, Хятадын компани, судалгааны хүрээлэнгүүдэд үндэслэлгүйгээр дарамт үзүүлэх гэсэн АНУ-ын оролдлогуудыг Хятад улс үргэлж эсэргүүцдэг" хэмээн Хятадын ЭСЯ-ны дипломат мэдэгдсэн байна.

 

Мөн АНУ-ын үйлдэл нь "чөлөөт худалдааны дүрмийг бүдүүлгээр зөрчин, дэлхийн аж үйлдвэр, үйлдвэрлэл нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж, хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн хөгжилд саад учруулан, АНУ зэрэг бүхий л орнуудын хүмүүсийн ашиг сонирхлыг алдагдуулж байгаа хэрэг" хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

"АНУ-ыг алдаатай үйлдэл хийхээ нэн даруй зогсоохыг уриалж байна. Хятадын компаниуд болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд Хятад улс шаардлагатай бүхий л арга хэмжээг авна" хэмээн Лю Пэнъюй цохон тэмдэглэжээ.

 

Америкийн хориг

 

Хятадыг үндэсний цөөнхүүдийн эрхийг боомилдог, Шинжаан-Уйгурт геноцид үйлддэг гэж АНУ удаа дараа буруутган, үүнтэй холбоотойгоор ирэх онд Хятадын нийслэл Бээжин хотноо болох Олимп, Паралимпын наадмыг дипломатаар бойкотлохоор болсон юм. Үүгээр ч зогсохгүй, Шинжаан Уйгур дахь албадан хөдөлмөр эрхлэлтээс сэргийлэх хуулийн төслийг дэмжсэн. Ийнхүү Хятад хүний эрхийг зөрчиж байгаатай холбоотойгоор олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа АНУ энэ удаад Хятадын технологийн найман компанийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ нь  Сангийн яамны үзэж байгаагаар, эдгээр компаниуд нь БНХАУ-ын угсаатны болон шашны цөөнхүүдийг ажиглах, хянахад зориулсан шийдлүүдийг боловсруулдаг гэнэ.

 

"Эдгээр найман байгууллага нь Хятадын угсаатны болон шашны цөөнх, тэр дундаа Шинжаан дахь муслимын уйгуруудын цөөнхүүдийг биометрийн мэдээллээр дамжуулан ажиглах, хянах ажиллагааг идэвхтэй дэмждэг" хэмээн АНУ-ын Сангийн яамны сайт дээр мэдээлсэн байна. 

 

Ийнхүү хориг тавьснаар энэ жагсаалтад багтсан компаниудын үнэт цаасыг америкчууд худалдах, худалдан авахыг хориглож байгаа аж. Хориг арга хэмжээний жагсаалтап  loudwalk Technology, Dawning Information Industry, Leon Technology Company Limited, Megvii Technology Limited, Netposa Technologies Limited  зэрэг компаниуд багтжээ.

 

Түүнчлэн, хятадын Цэрэг, анагаах ухааны судалгааны академийн эсрэг хориг тавьсан байна.  Үүгээр ч зогсохгүй  уг академийн бичил биологи, тархвар судлал, хор судлал, биоинжиниринг, өвчний хяналт болон мал эмнэлгийн чиглэлийн 11 хүрээлэнг хориг арга  хэмжээний жагсаалтад багтаажээ. Эдгээр судалгааны байгууллагууд нь "Хятадын армийг дэмжихийн тулд биотехнологийн явцыг ашигладаг" , "тэдний үйлдэл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод харшилж байна"хэмээн АНУ үзсэн тул ийнхүү тэдний эсрэг хориг тавьсан байна. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Конгресс БНХАУ-д уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлэхээс сэргийлэх хуулийн төслийг дэмжсэн юм. Энэ төслийн дагуу, АНУ Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах, энэ бүс нутагт хүний эрхийг зөрчиж байгаатай холбоотой гэж Вашингтон үзсэн хувь хүн болон хуулийн этгээдүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин