COVID-19: Израильд вакцины дөрөв дэх тунг тарина
2021-12-22

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа Израиль улс омикрон штаммын аюулаас сэргийлэх үүднээс нэмэлт тунг эрчимжүүлж, дөрөв дэх тун вакциныг тарихаар болжээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, 60-аас дээш насныхан болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины дөрөв дэх тунд хамруулах тухай Израилийн Эрүүл мэндийн яамны шинжээчдийн зөвлөмжийг тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет дэмжсэн байна. Энэ нь омикрон штаммын давалгааг даван гарахад туслах "сайхан мэдээ" хэмээн Израилийн Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Мөн Беннет ковидоос сэргийлэх вакцины гурав дахь тунг тариулсан дэлхийн анхны хүмүүс нь изральчууд байсан гэж онцолсон байна.

 

"Бид дөрөв дэх тунг тарих асуудал дээр ч анхдагч нь болно" хэмээн Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгджээ. 

 

Израиль улс омикрон штамм гарсантай холбоотойгоор гадны иргэдийг улс руугаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Мөн цаашид авч хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээний талаар мягмар гаригт хэлэлцжээ. Улмаар 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нийтийн болон төрийн өмчийн байгууллагуудын ажилтнуудын 50 хувийг нэг сарын хугацаатайгаар гэрээсээ ажиллах горимд шилжүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин