COVID-19: Хятад хүн амынхаа 85.6 хувийг вакцинд хамруулжээ
2021-12-30

Коронавирусийн халдвар анх дэгдсэн мөн энэ өвчнөөс сэргийлэх вакцин гаргаж авсан анхны улс нь урд хөрш БНХАУ. Цар тахал дэгдсэнээс хойш хатуу хөл хорио тавьж, халдварын тархалтыг бууруулахаар ажилласан энэ улс богино хугацаанд дотоодын халдварын дэгдэлтийг хумиж чадаж байсан юм. Мөн ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулагдах Өвлийн олимпын өмнө коронавирусийн тархалтыг газар авахуулахгүйн тулд одоо ч хилээ хаалттай, халдвар илэрсэн зарим бүс нутагт хатуу хөл хорио тавьсан хэвээр байна. 

 

Үүний зэрэгцээ Хятадад хэд хэдэн вакцин боловсруулж, түүнийгээ яаралтай горимоор ашиглах журам гарган, улмаар оршин суугчдаа дархлаажуулж эхэлсэн юм. Энэ ажлын дүнд Хятадын хүн амын 85.64 хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагджээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны мэдэгдсэнээр, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины бүрэн тунд 1.27 тэрбум хүн хамрагдсан байна.

 

Хятадын эрх баригчдын онцолсноор, тус улсын бүхий л суурин газрудад дархлаажуулалтын ажил идэвхтэй явагдаж байгаа гэнэ. Мөн дархлаажуулалтын талаар оршин суугчдад хангалттай мэдээлэл өгч, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж байгаа гэдгийг онцолжээ. Түүнчлэн энэ улс гурваас дээш насны хүүхдүүдийг коронавирусийн вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Улмаар 12 дугаар сарын 20-ны байдлаар Хятадад 3-11 насны 140 сая хүүхэд коронавирусийн вакцинд хамрагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин