Өмнөд Африкийн эрдэмтэд омикроноос үүдэлтэй нас баралтын тоон мэдээг танилцуулав
2021-12-30

Өмнөд Африкт анхлан дэгдэж, улмаар дэлхийн бусад орнуудад тархсан омикрон штамм дельтай харьцуулахад халдварлах чадвар өндөр ч нас баралт харьцангуй бага гэж ӨАБНУ-ын эрдэмтэд мэдэгдэж байсан. Энэ удаад ч мөн энэ улсын эрдэмтэд омикрон штаммаас үүдэлтэй нас баралтын үзүүлэлтийн талаарх мэдээллийг танилцуулжээ.

 

ӨАБНУ-ын эрдэмтдийн мэдэгдсэнээр, омикрон штамм коронавирусийн өмнөх хувилбаруудтай харьцуулахад өвчтөний аминд хүрэх нь бага байдаг гэнэ. Өмнөд Африкийн халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Тшван хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийг ажигласны дүнд ийм дүгнэлт гаргажээ.

 

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, омикрон штаммын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн 4.5 хувь нь нас барсан байна. Харин өмнөх хувилбаруудын үед энэ үзүүлэлт 21.3 хувьтай байжээ.

 

Түүнчлэн судлаачдын тогтоосноор, омикрон штаммын халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тал хүрэхгүй хувь нь л хүчилтөрөгчийн эмчилгээнд орох шаардлагатай байсан гэнэ. Харин дельта болон ухань хувилбарын үед энэ үзүүлэлт 99.5 хувьтай байжээ.

 

Мөн омикрон халдвар авсан хүмүүсийн ердөө нэг хувь нь эрчимт эмчилгээнд орох шаардлагатай байсан бол коронавирусийн бусад хувилбаруудын үед өвчтөнүүдийн 4.3 хувь нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байжээ. Түүнчлэн өмнө нь бусад хувилбарын халдварын үед эмнэлэгт доод тал нь ес хоног эмчилдэг байсан бол омикрон штаммын халдвартай өвчтөнүүд эмнэлэгт хэвтсэн ч дөрөв хоногийн дараа л өвчин намдаж, эмнэлгээс гарч байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Guest:
omikron ayul bagatai gesen ug uu?
2021-12-30