Ц.Билэгтсайхан: Шинжилгээгээр 12 сорьцод Омикрон хувилбар илэрлээ
2022-01-07

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Манай улс эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ буюу хилийн тандалтын үйл ажиллагааг 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлсэн байна. Энэ хугацаанд 109 удаагийн нислэгээр 10773 хүн эх орондоо иржээ. Эдгээр иргэдээс коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн  232 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 104 нь хилийн нэвтрэх цэгт авч буй PCR шинжилгээгээр, бусад тохиолдол нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авагдсан давтан шинжилгээгээр тус тус батлагдсан байна. Зөөвөрлөгдсөн 232 тохиолдол нь 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн байна. 

 

Агаарын хилийн тандалтаас гадна хөдөлгөөнтэй байгаа хилийн боомтууд дээр тандалтын үйл ажиллагааг явуулсан. Алтанбулаг хилийн боомтоор энэ хугацаанд 2100 жолооч нэвтэрснээс 6, Цагааннуур хилийн боомтоор 510 жолооч нэвтэрснээс 4, Боршоо боомтоор 213 жолооч нэвтэрснээс 0, Гашуунсухайт боомтоор 4751 жолооч нэвтэрснээс 64 тохиолдол тус тус батлагдсан байна. Манай улсад арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл хугацаанд олон улсын нисэх буудлын тандалтаар 232, Энхийг сахиулагчдаас 231, бусад хилийн боомтуудаар 74, нийт коронавирус халдварын зөөвөрлөгдсөн  537 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр зөөвөрлөгдсөн тохиолдол бүрийн ойрын хавьтлыг тодорхойлж, хяналтанд авсан. 

 

ХӨСҮТ болон ДЭМБ, Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн   нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг  хэд хэдэн аргачлалаар хийдэг. 

 

Вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тодруулбал, Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул-Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээс 1 тус тус илэрсэн байна. Вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр олон сорьцноос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын халдвар болон зөөвөрлөгдөж ирсэн сэжигтэй тохиолдлуудад дараагийн шинжилгээг төлөвлөн хийж байна.

 

Бид өнгөрсөн оны 10,11,12 дугаар сард түүвэрлэн авсан 100 гаруй сорьцыг Япон улс руу явуулсан. Аргачлалаа баталгаажуулах зорилгоор уг сорьцуудыг илгээсэн " гэж мэдээллээ.

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин