Бээжинд халдварын тохиолдол нэмэгдэж, хязгаарлалтыг чангатгажээ
2022-01-24

Өвлийн олимп эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй, "тэг ковид" бодлого баримталж байгаа ч вирусийн халдвар хэд хэдэн хотод дэгдэж, улмаар Бээжин хотод бүртгэгдсэнээр эрх баригчдыг ихээхэн "сандаргаж" байна. 

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд, 21,54 сая хүн амтай Бээжин хотноо халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ. Тиймээс Бээжин хотын баруун өмнөд хэсэгт байх Фэнтай дүүргийн эрх баригчид оршин суугчдыг нэг дор цугларахыг хориглосон байна. 

 

Энэ дүүрэгт хоёр сая гаруй хүн амьдрах бөгөөд тэднийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар болж, ням гаригийн 06.00 цагаас шинжилгээ авч эхэлжээ. Дүүргийн оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулахын тулд 13 мянган эмнэлгийн ажилтныг татан оролцуулж байгаа аж. 

 

Түүнчлэн халдвар тархах эрсдлээс зайлсхийхийн тулд хөлдөөсөн бүтээгдэхүүнтэй холбоотой 1856 байгууллага, 160 хөргүүртэй агуулахыг шалгахаар болсон байна.

 

Бээжин хотноо нэгдүгээр сарын дундаар коронавирусийн дотоодын тохиолдол бүртгэгдсэн юм. Нэгдүгээр сарын 15-23-ны хооронд энэ хотод нийтдээ 43 халдварын тохиолдол илэрсэнээс 6 нь омикрон, 37 нь дельта штаммаар үүсгэгдсэн гэнэ. Дельта штаммын халдвар авсан 10 хүнд шинж тэмдэг илрээгүй бол 27 хүн шинж тэмдэг илэрчээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Фэнтэй дүүрэгт байсан тул энэ дүүргийнхнийг бүгдийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан байна.

 

Илгээмж авахыг "хориглов"

Бээжин хотод нэгдүгээр сарын 15-ны өдөр дотоодын халдвар илэрсэн нь энэ хотын омикрон штаммын халдварын анхны тохиолдол байлаа. Омикрон штаммын халдвар илэрсэн эмэгтэй сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Бээжин хотоос гараагүй гэх бөгөөд түүнийг гадаадаас ирсэн шуудан илгээмжээр дамжуулан халдвар авсан гэж үзсэн юм.

 

Омикрон штаммын халдвартай нь батлагдсан эмэгтэй нэгдүгээр сарын долооны өдөр Канадаас захидал хүлээн авсан аж. Ингээд илгээмжийг шинжилгээнд оруулахад  гадна болон дотор талаас вирусийн ул мөр илрүүлсэн хэмээн мэдээлж байлаа. Ингээд цаашид халдвараас сэргийлэх үүднээс гадаадаас илгээмж авахгүй байхыг Бээжингийн эрх баригчид оршин суугчдадаа уриалж байв. 

 

Үүний араас, өнгөрсөн амралтын өдрүүдэд Гуанжоу мужийн эрх баригчид мөн ийм зөвлөмжийг оршин суугчдад өгсөн байна. Коронавирусийн халдвар тархах аюултай тул хилийн чанадаас илгээмж авахгүй байхыг уриалсан талаар Синхуа мэдээлжээ. 

 

Гуанжоу хотын эрх баригчдын гаргасан зөвлөмжид өгүүлснээр, коронавирусийн халдварын эрсдэл өндөртэй орнууд болон коронавирусийн халдвар тархах аюултай байгаа Хятадын бусад бүс нутгуудаас илгээмж авахыг байхыг анхааруулсан байна. Нэн шаардлагатай үед илгээмж авсан тохиолдолд илгээмжийг нээхдээ амны хаалт зүүж, нүүрэндээ хүргэхгүй байхыг анхааруулжээ.

 

Түүнчлэн энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Бээжин болон Жанжякоуд аюулгүй байдлыг нь шалгаж, халдваргүйжүүлсэн тухай тусгай тэмдэглэл дарагдаагүй бүхий л илгээмжийг илгээгч рүү нь буцаахаар болжээ.Мөн нэгдүгээр сарын 22-ны бямба гаригаас эхлэн Бээжинд ирж буй хүн бүр шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна. Энэ нь Бээжин болон Жанжякоуд олимпын наадам болохтой холбоотойгоор аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч байгаа хэрэг юм. Мөн нэгдүгээр сарын 22-ны бямба гаригаас эхлэн Бээжинд ирж буй хүн бүр шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Угаасаа байсан халдвар болж байнаа. Ингээд эхэлсэн газраа дахиж байна доо.
2022-01-24
зочин:
Энэ удаад хятадууд халдварын тархалтыг барьж дийлэхгүй олон сая хятад үхэх болно.
2022-01-24