Япон Орост эсэргүүцэл илэрхийлэв
2022-02-07

Курилийн арлуудын өмнөд хэсэгт ОХУ буудлагад бэлдэж байгаатай холбоотойгоор Японы засгийн газар эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Хоёрдугаар сарын наймны өдрөөс эхлэн Кунашир арлаас өмнөд хэсэг рүү буудлагын сургуулилалт хийнэ гэсэн сэрэмжлүүлгийг Японы тал авсан хэмээн Мацуно мэдэгдсэн байна. "Үүнтэй холбоотойгоор бид Орост дипломат сувгаар дамжуулан эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Японы эргийн хамгаалалт тухайн бүс нутагт үүсэж болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлэг гаргасан гэнэ.

 

Энд дуулгахад, Курилийн арлуудын өмнөд хэсгийн харьяаллаас үүдэлтэй маргааны улмаас ОХУ, Япон улс дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөрх энхийн гэрээг өнөө хүртэл байгуулаагүй байгаа юм. Япон улс Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаигийн бүлэг арлыг өөрсдийн нутаг дэвсгэр гэж үздэг бол Орос улс газар нутгийн маргааныг хүлээн зөвшөөрдөггүй. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин