Бээжин-2022 олимпын хамгийн өвөрмөц оролцогчид
2022-02-10

Бээжинд үргэлжилж буй өвлийн олимпод дэлхийн 95 орноос 3000 гаруй тамирчин оролцож байгаа юм. Тэдний дунд гавьяат тамирчин, ирээдүйн одод, мөн спортод бүх амьдралаа зориулсан хүмүүс ч бий. Түүнчлэн өвөрмөц гэж нэрлэгдэхээр ч оролцогч цөөнгүй байгаа юм. 

 

Аль ч хүйсэнд хамаарахгүй оролцогч 

Олимпын хамгийн дуулиантай оролцогчдын нэг нь Америкийн уран гулгагч Тимоти Ледюк юм. Түүний намтар тун сонирхолтой.

 

Нэгдүгээрт, тэрбээр 12 насандаа л анх уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Гэтэл зарим уран гулгагч энэ насан дээрээ "зодог тайлах" талаар ч бодож эхлэх нь бий. Хоёрдугаарт, Тимоти анх ганцаарчилсан гулгалтаар олныг бишрүүлэх гэж хичээсэн ч амжилт олоогүй тул хос гулгалтаар хичээллэх болжээ. Гуравдугаарт, тэрбээр 18 настайдаа бэлгийн чиг хандлагаа ил тод зарлаж байв.

 

Гэхдээ өнгөрсөн онд Тимоти олон нийтэд "жинхэнэ гэнэтийн бэлэг" барьсан юм. Өдгөө 30 настай уран гулгагч өөрийгөө аль ч хүйсэд хамаарахгүй буюу эрэгтэй, эмэгтэй гэдгээ тодорхойлдоггүй бүлгийн хүмүүст хамаарна гэж нэгэн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр хүйсээ солих мэс засалд огт орж байгаагүй.

 

Гаитигийн оролцогч

Карибын тэнгис дэх жижиг арлын энэ улс 5-10 тамирчныг зуны олимпод илгээдэг. Харин 1924 болон 1928 онуудын олимпоос хөнгөн атлетикчид нь хүрэл, мөнгөн медаль эх орондоо авчирж байжээ. 

 

Халуун дулаан уур амьсгалтай, өвөл болдоггүй энэ улсаас өвлийн олимпод оролцож байсан түүх үгүй. Харин Бээжингийн олимпоор түүхэн үйл явдал тохиож, энэ улсыг 19 настай уулын цаначин Ричардсон Виано төлөөлж байна. 

 

Ричардсон Гаитгийн нийслэл Порт-о-Пренсэд төрсөн, гурван настайдаа өнчирж хоцоржээ. Иргэд нь туйлын ядуу зүдүү амьдардаг Гаитид өнчин хоцорсон Виано хүүгийн ирээдүй тун бүрхэг байв. Гэвч түүнд аз тохиож, Ричардсоныг Францын Альпад амьдардаг италичууд өргөж авчээ.

 

Ядуу буурай Гаити орноос хүү тааламжит амьдралтай Бриансоныг зорьж, тэндээ уулын цанаар хичээллэх болсон байна. Тэрбээр өндөр амжилт гарган, Итали эсвэл Францын шигшээд орох боломж гарсангүй. Гэсэн ч түүний төрсөн нутгаас нь урилга иржээ.

 

Ричардсоны нутаг нэгтэн Жан-Пьер Руа Францад ирээд удсан, уулын цанын спортоор хичээллэдэг байж. Улмаар тэрбээр Гаитигийн цанын спортын холбоог байгуулж, ингэснээр 47 настайдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болжээ. Хэдэн жилийн дараа Руа залуу, ирээдүйтэй Ричардсоны талаар олж сонсон, түүнийг Гаитигийн шигшээ багийн өмнөөс уралдах санал тавьсан байна.

 

Энэ саналыг Ричардсон баяртайгаар хүлээн авч, 2019 оноос эхлэн олон улсын тэмцээнүүдэд Гаитиг төлөөлөх болжээ.

 

"Би энд ирж, Гаитиг Өлийн олимпоор анх удаа төлөөлөн зогсохыг мөрөөдөж байсан. Манай улсад газар хөдлөлт, байгалийн гамшгаас өөр олон зүйл байдгийг харуулах хүсэлтэй" хэмээн Ричардсон Виано ярьсан байна.

 

 

 

Өвлийн олимпод анх удаа хөл тавьсан Саудын Араб 

Гаитигаас гадна Саудын Араб анх удаа өвлийн олимпод оролцож байна. Энэ улсыг хоёр уулын цаначин төлөөлөн оролцож байгаа юм. 

 

Саудын Арабынэ спортын холбоо тэмцээн зарлан, өвлийн спортыг хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлсний дээр улсынхаа төлөө уралдах хүсэлтэй тамирчдыг дэмжинэ хэмээн амалсан байна. Ингээд спортын холбоо 100 гаруй хүсэлт хүлээн авснаас найман нэр дэвшигчийг сонгон авчээ.

 

Олимпын эрхийн тэмцээнд Файик Абди, Салман аль-Ховаиш гэсэн хоёр тамирчин оролцсон ч энэ улсад ганцхан квот оногдсон байна. Ингээд Абдиг Бээжин рүү явуулахаар болсон ч орон нутгийн спортын холбоо аль-Ховаишыг ч урамшуулахаар шийдэн, мөн л олимп руу илгээхээр шийдсэн гэнэ.

 

Цаашлаад Саудын Араб өвлийн олимпод илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ улс хоккейн спортыг хөгжүүлэхээр Чехээс дасгалжуулагч Петр Вечког ч урьж аваачжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин