Олимпын мөрөөдлөөсөө болж бусдын доог болж байсан Мексик уран гулгагчийн түүх
2022-02-11

Өвлийн олимпод өвөл болдоггүй орнууд оролцож, боломжгүй зүйл гэж огт байхгүйг батлан харуулсаар байдаг. Тэдний нэг нь Мексикийн уран гулгагч Донован Каррильо. Түүний эх оронд 12, нэгдүгээр саруудад +21 хэмтэй байдаг. Гэсэн ч өвлийн спорт Донованы мөрөөдөл болжээ. 

 

Донован Каррильог олимпод орох мөрөөдөлтэйгээ ярихад түүнийг бусад нь үүнийг солиорсон хэрэг хэмээн шоолж, хэн ч ойшоодоггүй байсан гэнэ.Оролдоод ч хэрэггүй гэж хэлдэг ч байсан гэх. Гэтэл Бээжин-2022 олимпоор тэрбээр анх удаагаа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон юм. Зүгээр ч нэг оролцсонгүй, чамгүй сайн үзүүлэлттэй Донован олны анхаарлыг багагүй татаж байлаа. Донован эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцохдоо дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэсэн бөгөөд 30 тамирчнаас 19-д бичигдсэн юм. Түүний "Чемпионат" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

 

- Та үзүүлбэрээрээ хувийн дээд амжилт тогтоолоо 

 

- Би үзүүлбэртээ туйлын сэтгэл хангалуун байна. Мөсөн дээр маш сайн байсандаа үнэхээр жаргалтай байна. Хэдийгээр хувийн дээд амжилт тогтоосон ч үзүүлбэр минь гол нь байлаа, түүнийг дуусгамааргүй л байсан. Үргэлжлүүлж гулгаад л, олимпын энэ мөрөөдөлдөө амьдармаар байлаа. 

 

- Энэ бүх жилүүдэд хэнээс урам, тэмүүлэл авч байв?

- Надад үлгэрлэн дуурайдаг олон хүн бий. Тэднээс хамгийн чухал нь Хавьер Фернандес (shuud.mn: Испанийн уран гулгагч), тэр дэлхийн аварга, Европын аварга болсны дээр Олимпын хүрэл медаль хүртсэн. Бүх шагналыг авсан шүү дээ. Яг л түүн шиг сайн болмоор байна.

 

- Таны хувьд Өвлийн олимпод Мексик, Латин Америкийг төлөөлж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

- Би энэ олимпод оролцож байгаа Латин Америкийн цөөн тамирчдын нэг. Энэ нь намайг хүч чадлаа дээд зэргээр дайчлах сэдэл өгч, манай орны хүүхдүүдийг өвлийн спортоор хичээллэхэд урам зориг өгч байгаа. 

 

Би уран гулгалтаар хичээллэж эхэлж байхад хүмүүс миний мөрөөдлийг солиорол гэдэг байсан. Намайг шоолж, мексик хүн хэзээ ч олимпод орж чадахгүй, олон улсын тэмцээнд орвол намайг хамгийн сүүлийн байранд орно л гэдэг байлаа. Харин би өөрөө огт тэгэж боддоггүй байсан, зүтгэсээр, зүтгэсээр, тэмцээнээс тэмцээн хооронд өөрийгөө дайчилсаар, өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхын тулд маш их хичээсэн. 

 

- Одоо ч Мексикт байгаа хүмүүс таныг шоолсоор байх болов уу, та юу гэж бодож байна? 

 

- Тэгэх л байх даа. Би худлаа хэлэхгүй ээ, ингэж шоолуулах үнэхээр хүнд байдаг. Гэхдээ улсаасаа явна гэдэг сайхан санаа биш. Би Орос, АНУ, Европын хотуудад ажиллаж, амьдрах хүсэлтэй байсан. Гэхдээ эх орондоо илүү хайртай, тиймээс хаашаа ч явмааргүй байна.

 

- Мексикт уран гулгалтаар хичээллэхэд хүндрэлтэй байдаг уу? Мөсөн талбай хүрэлцээтэй юу?

 

- Үнэхээр хүнд. Мексикт мөсөн талбайг хүртээмжтэй байлгахын тулд бусад спортын төрлүүдтэй хослуулах хэрэгтэй болно. Жишээ нь уран гулгагчид хоккейчидтэй хамт бэлтгэл хийх зэргээр. Энэ нь амаргүй л дээ. Гэхдээ боломжтой. Би багаасаа л ингэж хичээллэж байна, хэдийнэ дасчихаж.

 

Манай хотод байх цорын ганц мөсөн талбай нь худалдааны төв дотор байдаг. Өөрийгөө өрөвдөж, байхгүйдээ харамсаж суухын оронд өөрт байгаа боломжоо ашиглаж, хичээж, зүтгэсээр ирсэн. Тиймдээ ч би өнөөдөр ийм түвшинд хүрчхээд байна.

 

SHUUD.mn: Донаван өдгөө 22 настай. Тэрбээр найман настайгаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Донованы өгүүлснээр, тэрбээр охинд дурлаж, түүнийгээ бишрүүлэхийн тулд уран гулгалтыг сонгох болсон байна. Хэдий түүний шохоорхол тэгсгээд намжсан ч спортод дурлах сэтгэл нь хэвээр үлдэв. Гэр бүл нь ч энэ хүслийг нь дэмжжээ. Түүний анхны тэшүүрийг гадаа захаас худалдаж авч өгч байсан гэнэ. Донован ганцхан дасгалжуулагчтай. Тэр нь Грегорио Нуньес бөгөөд тэрбээр хүүг дасгалжуулахын тулд хэдэн жил цалингүй ажилласан аж. 

Түүний 2016 оны үзүүлбэрийн бичлэгийг сонирхуулж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин Зочин:
Цас мөсний орон манайхаас хамаагүй дээр юм.
2022-02-12