АНУ мэргэжилтнүүдээ 48 цагийн дотор Украинаас гаргана
2022-02-14

ОХУ Украин руу халдана гэсэн мэдээлэл улам газар авч, дэлхийн улс орнууд "болзошгүй дайн"-д бэлдэх ажлаа эрчимжүүлсээр байна. 

 

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа 24-48 цагийн дотор Киевээс дипломатуудаа эргүүлэн татахаар төлөвлөж байгаа талаар  CBS News мэдээлжээ. Гэхдээ үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.

 

Өнгөрсөн сард АНУ-ын Төрийн департамент Киев дэх элчин сайдын яамны зарим ажилтнуудаа сайн дураар Украиныг орхихыг зөвшөөрсөн бол харин тэдний гэр бүлийг энэ улсаас зайлшгүй явахыг анхааруулсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен саяхан мэдэгдэл хийхдээ Киевт элчин сайдын яамны гол ажилтнууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа хэмээн онцолж байв. Харин үүний дараа гарсан "Европын үнэн" сонины мэдээллээр, Киевт үлдсэн дипломатууд Украины баруун хэсэгт байх Львов хот руу нүүхээр болсон байна. Мөн ийм шийдвэрийг Австрали, Канад гаргажээ.

 

Орос улс ойрын өдрүүдэд Украин руу халдаж болзошгүй гэж Цагаан ордон үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн 30 гаруй орон иргэдээ Украинаас гарахыг уриалсан. Харин ОХУ Вашингтоны энэ мэдэгдлийг "өдөөн хатгалга" хэмээн үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин