Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг мөнгө угаах гэмт хэрэгт шалгуулна
2022-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

 

Тэрбээр “Засгийн газар Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд том төслүүдийг санхүүжүүлдэг Экзим банк болгох хэрэгтэй”-г хэлж байна. Мөн тэрбээр улс төрийн нөлөөллөөр барьцаа хөрөнгөгүйгээр авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэрэгт шалгах хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргаснаа хэлж байна.

 

Хөгжлийн банкны асуудлыг Иргэний хуулиар бус Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагатайг хэллээ.

 

Энэ тухай Ерөнхий сайд “Зээл зөрчигдсөн гэсэн асуудлаар ихэнх нь иргэний хуулиар, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар олон албан тушаалтан мултарч үлдэх асуудал байна. Тиймээс хуулийн зүйлчлэлийг өөрчилж, зээл  авч мөнгө угааж, татвар төлөгчдөд ноцтой хохирол учруулсан гэж үзэн, төрийн хохиролгүй болгуулахаа прокурорт хандсан. Энэ дагуу зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг гаргасан байгаа. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгоно” гэдгийг хэлэв.

 

Харин барьцаа хөрөнгө нь хангалттай, зориулалтын дагуу ашиглагдсан, тухайн төсөл хөтөлбөр улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан зээлийн эргэн төлөлт цар тахлын улмаас бага хугацаагаар тасалдсан ч Засгийн газар хэвийн гэж үзэн, хуулийн дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд хэлж  байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
3 шатны шүүхээр шийдвэл бүтэхгүй шүү.
2022-02-14