"Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах 428 хүүхдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захиа, даалгавар гардууллаа
2022-02-17

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. 

 

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.

 

Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ.

 

Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин