ФОТО: Бээжин-2022 өндөрлөв
2022-02-21

 

Хоёрдугаар сарын 20-ны ням гаригт Хятадын нийслэл Бээжин хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны  Өвлийн олимпын хаалтын ёслол боллоо. Дэлхий даяар шууд дамжуулсан энэ ёслолын арга хэмжээ хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн юм.

 

 

Хаалтын ёслолын үеэр Оросын олимпын хорооны шигшээ багийн тамирчид болох Александр Большунов, Иван Якимушкин болон Норвегийн тамирчин Симен Хегстад Крюгер гэсэн гурван цаначинд 30 км зайн "масс старт"-ын тэмцээнээр хүртсэн алт, мөнгө хүрэл медалийг гардууллаа. Оросын тамирчинд медаль гардуулсны дараа цэнгэлдэх хүрээлэнд ОХУ-ийн төрийн далбааны оронд Оросын Олимпын хорооны далбаа, харин төрийн дууллын оронд Чайковскийн хөгжим эгшиглэсэн юм. Ийнхүү Орос улс нэр, далбаа, төрийн дууллаа "алдсан" нь допингийн эсрэг журмыг зөрчсөнтэй холбоотой бөгөөд Оросын тамирчид Пёнчан-2018 болон Токио-2020 олимпод ч ийнхүү "Оросын Олимпын хорооны шигшээ баг" нэрийн дор оролцсон. 

 

 

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бак XXIV өвлийн олимпын хаалтын ёслолын арга хэмжээний үеэр Олимпын далбааг Милан хотын дарга Жузеппе Салад гардуулан өгсөн юм. Дараагийн өвлийн олимпыг Милан хот зохион байгуулах бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдөр зохион айгуулагдах аж. 

 

 

Бээжин-2022 өвлийн олимпод 91 орны 4000 гаруй тамирчин оролцож, 109 багц медалийг хүртлээ. Энэ олимпын дүнгээр Норвеги улс медалийн чансаагаар тэргүүлж байна. Норвеги улс 16 алт, найман мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ. 

 

Харин Герман улс 12 алт,  10 мөнгө,  5 хүрэл медаль хүртэж медалийн чансаанд хоёрдугаарт бичигдэж байна. Түүний араас 9 алт,  4 мөнгө,  2 хүрэл медальтай БНХАУ гуравдугаарт бичигджээ. Найман алт, 10 мөнгө,  7 хүрэл медальтай АНУ дөрөвдүгээрт бичигдсэн бол 8 алт, 5 мөнгө, 5 хүрэл медальтай Швед улс тавдугаарт бичигдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Зөвхөн Оросуудыг бичээд л. Эмэгтэйчүүдийн 30 км - ийн уралдааны медальтнаад бас шагнал гардууосныг яагаад орхигдуулж байгаа юм бэ?
2022-02-21