У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг 2024 он гэхэд хог хаягдлаас нь бүрэн цэвэрлэж дуусах ёстой
2022-02-23

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлтэд оролцож байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Өнөөдөр бид амьдралын эх болсон, чандмань эрдэнэ усны талаар, Хөвсгөл нуураа хэрхэн хамгаалах, хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд цуглараад байна.  Манай улсын цэнгэг усын  74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол Дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай нэн эртний нууруудын нэг  юм. Монголчууд бид үзэсгэлэнт Хөвсгөл нуураа далай ээж, хөх сувд хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж, далай ээжээсээ ундаалж, умбан шумбадаг билээ. Хөвсгөл далай зөвхөн Монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг Байгаль далайд цутган дэлхийн эко системийг тэтгэдэг. 

 

Гэтэл сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн техник хэрэгсэл, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуй нэгж иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистой ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг санаачлан зохион  байгуулж байна. 

 

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Засгийн газрын 332 тогтоолыг батлан гаргаж, 2019-2023 онд Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлан Ерөнхий сайдын захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор тодорхой ажлын хэсэг байгуулан ажилласан нь зарим талаар үр дүнгээ өгч байна. Хөвсгөл далайг хамгаалах, хөгжүүлэх ажлыг цаашид улам эрчимжүүлэн, зохих үр дүнд хүргэх нь манай улсын төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт бүрэн нийцнэ хэмээн үзэж байна.

 

1950-аад оноос эхлэн өвлийн улиралд түлш, бордоо шатахуун, бараа материал тээвэрлэдэг автомашинууд Хөвсгөл нуур дээгүүр зорчих үед нуурын мөс цөмөрснөөс Хөвсгөл далайн ёроолд өнөөдрийг хүртэл 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг эвдэн хорт хавдар мэт байсаар байна.

 

...Өнгөрсөн жил эрдэмтэн судлаачдын тооцоо, судалгаанд үндэслэн холбогдох чиглэлийн яам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж байсан нэгэн эх үүсвэрийг аюулгүй болгосон. Сүхбаатар хөлөг өнөөдөр онгоц гадаад, дотоодын жуулчдын үзмэр болж хувирсан бөгөөд далайн тээвэртээ дахин гарахгүй ч гэсэн эргийн зогсоолдоо мөнхөд зогсож, Монголын усан тээврийг өгүүлэх бодит гэрч болсоор байна.

 

...Цаашид нуурт живсэн автомашинуудын байршлыг нарийвчлан тогтоож, мэргэжлийн түвшинд осол аюулгүй татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн автомашин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусах ёстой. 

 

...Цаашид Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчлэн өргөжүүлж, нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх, нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын газар олголтыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөн хэрэгжүүлэх, усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлага байна. Үүнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал юм" гэлээ.

 

Г.Мичид

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Oyunchimeg Er:
Үүнээс өөр улс орны тулгамдсан асуудлаар 1 хоног ч болов чуулаач ээ. Энэ хүний ухаан хүрдэггүй юм бол зөвлөхүүд нь ядаж зөвлөөсэй. яахаараа ийм эргүү байдаг байнаа. хайран мөнгө, иймэрхүү хурлыг цахимаар хийх хэрэгтэй шү дэ.
2022-02-24
ЭНЭ ХҮН НУУРААС ХОГ ТҮҮХ,МОД ТАРИХ ГЭХ МЭТ УДАХГҮЙ ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙГААГ НЬ МЭДДЭГ БОЛНО. АВИЛГА ЭНЭ ТЭРТЭЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ ХУДЛАА ШААЖ
2022-02-24
zochin:
Zov shiidver bna
2022-02-23
иргэн:
хамгийн боловсролгүй цэргийн сургууль бараадсанаас өөр чадавхгүй этгээд төрийн дээр гараад суухаар хохь нь дээ Монголчууд Хүрэлсүхийн үед хүүхдүүдийг гуйж оруулдаг байсан Хуваарьгүй хоцорсон гэсэн үг Энэ этгээд бас авилгач хулгайч зугтдаг Ямар ч юм болно зугтчина Тэгээд эргээд хураана хорино шийтгэнэ гээд гараад ирэхээр үхэрүүд нь итгэчихдэг гэхдээ муу ч байсан гэсэн ядаж ганц сайн юм хийгээч Хөвсгөл энэ тэр гэхийн оронд гадагш урсацтай Сэлэнгэ Орхон Хэрлэн Онон Туул голоо түшиглэн усан сан байгуулж урагш нь усаа татаачээ Үүнтэй Оросуудтай тохирооч
2022-02-23