А.Ариунзаяа: Эрэгтэй хүнд ч адил эрх бий
2022-03-11

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа эрэгтэйчүүдийн эрхийн талаар дараах нийтлэлийг бичжээ.

 

 

Эрэгтэй хүнд ч адил эрх бий. 

 

“Эр хүн уйлдаггүй. Халаасан хоолыг аав нь идчихье. Хүү яахав малаа дагаад болно, охиноо л төв бараадуулъя. Монгол эр хүн ийм байх ёстой. Эрэгтэй хүүхдийг хатуухан гараар хүмүүжүүл. Аав нь бие сайтай алзахгүй, ээжийгээ л сайн анхаар. Өвдөхгүй байхад эм тариа гээд яахав. Эр юм байж охин шиг. Эрэгтэй хүн л хүчирхийлэл үйлддэг…”

 

Сонсож байсан танил үгс байгаа биз? Монголын нийгэмд байдаг ийм хандлага, бидний өдөр тутамдаа сонсдог эдгээр үгс ямар үр дагавартайг эргэж харах цаг болжээ. Зүгээр хоосон үг биш гэдгийг эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, дундаж наслалтын өнөөгийн үзүүлэлт харуулна.

 

Жендэр гэдэг үгийг сонсохоор эмэгтэй хүний эрхийн тухай яриа гэдэг ойлголт толгойд шууд буух нь бий. Угтаа жендерийн хөгжил гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, тэднийг нийгмийн харилцаанд оролцох, хөгжих тэгш боломжоор хангах тухай юм. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьж, хэлэлцэж ирснээс энэ тэнцвэр алдагдаж эрэгтэйчүүдийн асуудал тойргийн гадна үлдэх байдал анзаарагдаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих байдал их байгаа учраас анхаарлын төвд орох нь аргагүй. Нөгөө талд эрчүүдийн маань эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлт, орлого, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, үнэт зүйл гээд олон асуудал бий. Тэдгээрийг тойргийн төвд оруулъя. Эмэгтэйчүүдийн асуудалтай энэ тэнцүү авч үзье.

 

Тоо бол зүгээр нэг тоо байдаггүй. Тоо өөрөө “үг хэлж байдаг”. Анхаарч харж чадвал асуудал тэнд бий. Монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт ойролцоогоор 66 жил, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 76 жил байна. Дундаж наслалтын зөрүү 9.7 жил. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. 2020 оны дүнгээр нийт нас барсан хүмүүсийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй хүмүүс байна.

 

Эдгээр тоо юуг хэлнэ вэ? Эрэгтэйчүүдийнхээ асуудалд анхаарах цаг болсныг гэрлэн дохио шиг сануулж байна. Одоохондоо магадгүй шар гэрлээр сануулж байгаа. Анхаарахгүй цааш явбал улаан гэрлээр дохио өгнө. Дундаж наслалтын зөрүү улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

 

Эрэгтэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг авч үзье. Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2.8 дахин их байна. Эрэгтэйчүүдэд маань анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Амссан бол жолоо барих тухай бодохын ч хэрэггүй. Энэ статистик дахиж өсөх ёсгүй.

 

Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт 5.8 дахин их байна. Аавуудынхаа, ах дүү нарынхаа, эрчүүдийнхээ сэтгэлийг анхаарч сонсоорой гэсэн дохио биш гэж үү. “Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй” гээд дуулдаг даа. Эр хүн уйлдаггүй гээд дотогшоо залгисан нулимс энэ таагүй үзүүлэлтийн шалтгаан юм биш биз.

 

Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бухимдлаа зөв аргаар тайлж байх ухаанд эрчүүд минь суралцах хэрэгтэй. Энэ нь архи уухын шалтгаан болж болохгүй. Эрчүүдийнхээ өвдсөн бие, эрхтнийг оношилж эмчлэхдээ ч, хөндүүрлэсэн бодол, сэтгэлийг нь илааршуулахдаа ч бид цаг алдаад байгаа юм биш биз?

 

Эмэгтэй хүмүүстэй харьцуулбал, эрэгтэйчүүдийн бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их байна. Осол гэмтэл, хавдар, зүрх судасны өвчлөл бас л өндөр. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дөнгөж 34 хувь нь эрэгтэйчүүд. Энэ мэт олон харьцуулалтыг хүйсийн тэгш эрхийн жинлүүр дээр жигнэж үзэхэд тэнцвэр аль хэдийнэ алдагджээ.

 

Дээр хэлсэнчлэн тоо “хашгирч” байгаа бол бид чихээ дарж болохгүй. Өнөөдөр үйлдэл хийж эхлэхэд урт хугацаандаа үр дүн гарна. Магадгүй 20 жилийн дараах тоон үзүүлэлтийг харахад өнөөх хазайсан жинлүүр тэнцвэрээ хадгалсан байх вий. Бид эрэгтэйчүүдийнхээ асуудалд өнөөдөр анхаарч чадсан тохиолдолд шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дэлхийн дундаж хэмжээнд ойртож очих ёстой.

 

Эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ ямар байна вэ? Дахиад тоогоо “нухъя”. Эрэгтэйчүүдийн тасаг улсын хэмжээнд 14 байна. Нийслэлд 6, орон нутагт 8 бий. Улсын хэмжээнд 14 андрологийн эмч, 60 уралогийн эмч байна. Монголд 1 сая 600 мянга гаруй эрчүүд бий гээд тооцвол нэг эмчид 21 мянга 600 гаруй хүн оногдоно. Эрчүүдийн асуудалд анхааръя гэвэл эндээс л эхлэх ёстой. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг, үйлчилгээний чанар, хүртээмжийг хамгийн түрүүнд тавихаас өөр аргагүй. Нас барсан эрэгтэйчүүдийн дунджаар 20 хувь нь зүрх судасны өвчний, 15 хувь нь хавдрын өвчний, 13 хувь нь гэмтэл, хордлогын шалтгаантай байна.

 

Эрчүүдийн маань боловсрол юу билээ. Тэд хаана, юу сурч байна, эсвэл яагаад суралцаж чадахгүй байна вэ? “Тоо”-гоо харахад тольдсон юм шиг тодорхой үзэгдэнэ. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 39 хувь, бакалаврт суралцагчдын 40 хувь, магистрантурт суралцагчдын 34 хувь, докторантурт суралцагчдын 42 хувь нь эрэгтэйчүүд байна. Тавин хувьд хүрсэн үзүүлэлт алга. Өнөөх тэнцвэр бас л алдагджээ. Эмэгтэй хүүхдээ илүү боловсролтой болгоё гэдэг нийтлэг хандлагын үр дагавар болов уу. Боловсролын ялгаанаас хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын зөрүү, хандлагын зөрчил, амьдралын чанарын ялгаа гээд олон чухал асуудал салаална. Тоохгүй өнгөрөхөөр жижиг асуудал биш.

 

Тэгвэл эрэгтэйчүүд маань хаана ажиллаж байна вэ?

 

Хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, жижиглэн болон бөөний худалдааны салбарт түлхүү ажиллаж байна. Барилгын салбарт ажиллагсдын 87 хувь, уул уурхайн салбарт ажиллагсдын 82 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо цөөн.

 

Энэ мэт олон үзүүлэлтийг ярьж болно. Тэр бүхэн цаанаа анхаарлын бас асуултын тэмдэгтэй. Тийм учраас эрэгтэйчүүдийнхээ асуудлыг хамтдаа ярилцъя гэж байгаа юм. “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвтэй үндэсний чуулганыг 3 дугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд зохион байгуулах гэж байна. Засгийн газраас анхаарч, ач холбогдол өгч байгаа. Ярих асуудал их бий. Тэр хэрээр хэрэгжүүлэх бодлого, хийх ажлаа ч шинээр харах учиртай.

 

Эрчүүд өөрсдийн асуудлаар дуу хоолойгоо гаргая. Эмэгтэйчүүд эрчүүдийнхээ төлөө үгээ хэлье. Эрдэмтэн судлаачидтайгаа ярилцъя. Хүн бүр чуулганы танхимд ирэх боломжгүй ч дор бүрнээ эрэгтэйчүүдийн асуудлыг бодож үзье. Гэр бүлээрээ ярилцъя. Аавынхаа эрүүл мэндийг анхааръя. Хүүгийнхээ үгийг сонсъё. Энэ нь нэг талаар үндэсний чуулганы “Оролцоо” юм. Та ирж чадахгүй ч оролцож чадна гэсэн үг.

 

Уг нь эрэгтэй хүн эрхтэй. Гэвч Монгол эрчүүдийн гүндүүгүй, хээгүй, хэнэггүй, тоомжиргүй, хайхрамжгүй байдал тэднийг эрхгүй юм шиг амьдрах нийтлэг хандлага руу чиглүүлэх нь бий. Гэр бүлийн ноён нуруу, улс орны үнэт баялаг болсон эрэгтэйчүүдээ хайрлая, хүндэлье" гэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Дэмжиж байна, энэ чиглэлд хийх зүйл их байгаа шүү, хөдөө сум багт бол залуусын үе тэнгийн охид хүүхнүүд байхгүй болсон билээ шүү, гэр бүлээ яаж зохиох юм, бэлгийн асуудлыг нь яаж шийдэх юм гм анхаарах зүйл их байна, хэт их эмэгтэй хүний эрхийг хамгаалахаар эсрэг талд нь эрэгтэй хүний эрх зөрчигдсөөр байгааг залруулья
2022-03-14
э:
Зөв юм ярьж бна.одоо ажил хэрэг болгох хэрэгтэй.жендер гэхээр эмэгтэй хүнийг хэлж бна гэдэг ойлголттой болтол тархийг нь угаасан.уг нь энэ үг бол хүйс гэсэн англи үг шүү дээ.төр засгаас лэмжих хэрэгтэй.саяхан нэг банк эмэгтэй бизнес эрхлэгчиддээ хөнгөлөлттэй зээлээр дэмжих арга хэмжээний нээлт болж бна лээ.нөгөө тэгш эрх.нас хүйс шашин шүтлэг хамаарахгүй тэгш эрхтэй гэдэг үндсэн хууль хаана бнаа.эрэгтэй бизнес эрхлэгчдийг төр засаг.банк дэмжихгүй гэж бна гж л ойлголоо.энэ ер нь зөвүү.
2022-03-13
Зочин:
Oboo doo
2022-03-11