Б.Жавхлан: Засгийн газрын эдийн засгийн бодлого 70.9 хувийн хэрэгжилттэй байна
2022-03-31

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж,  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна. Танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийлээ.

 

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2021 оны байдлаар 74.5 хувийн хэрэгжилттэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

 

-Ковид-19-ын халдвараас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-88 хувь

-Хүний хөгжлийн бодлого-76.5 хувь

-Эдийн засгийн бодлого 70.9 хувь

-Засаглалын бодлого-76 хувь

-Ногоон хөгжлийн бодлого -65 хувь

-Нийслэл ба орон нутгийн хөгжлийн бодлого- 79 хувийн хэрэгжилттэй байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Иргэдийн орлого багасаж, дундаж давхарга доошилж байна. Ойрын үед төсвийн тодотгол яригдах уу? Миний харж байгаагаар импортыг багасгах зайлшгүй шаардлага гарч байна. Импорт, хөрөнгө оруулалтыг багасгаж, хэмнэсэн хөрөнгөөр ард иргэд, ААН-үүдийг дэмжих хэрэгтэй байна. Бид экспорт, импортын хоригт орчихоод байна. Нүүрс, зэсээ борлуулахад ойрын хугацаанд юу хийх вэ?

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Мөнгө, төсвийн бодлогод өөрчлөлт орж, хэмнэлтийн горимд орно. Нөөцүүдээ хамгаалах төлөв рүү шилжинэ. Үүний дохио нь Монголбанк мөнгөний бодлогоо хатуурууллаа. Энэ төсөв рүү шууд нөлөөлнө. Төсвийн үйлчилгээ явдгаараа явна. Тэвчиж болох зардлаа хэмнээд явна. Харин хөрөнгө оруулалтыг онцгойлж авч үзэх ёстой. Эдийн засгийн тодорхой байдлаас үүдэн оролцогч нар цөөрч байна.

 

Одоогоор төсвийн тодотгол хийнэ, хөрөнгө оруулалтыг царцаана гэж хэлэхэд эрт байна. Тодорхой зүйл нь хөрөнгө оруулалтад хэмнэлт хийхээс өөр аргагүй нөхцөл үүсч байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын тоо ширхэгийг хэвээр хадгалахыг зорино.

 


 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах нэрээр Дарханы замын шинэ урсгалын санхүүжилтийг нэмж байгаа юм. Тогтоолын санхүүжилт гэж нэр нуусан болохоос төслүүдийн санхүүжилт гацаж байгаа асуудал.

 

 

Өнгөрсөн жил жагсаалтад байсан зүйлийг та нар яагаад энэ жил хасаж батлуулсан юм бэ. Ямар харицлагагүй юм бэ. Дарханы зам гээд сүүлийн хоёр жил тасралтгүй үзэж тарж байна. Өнгөрсөн жил хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүй, үүргээ биелүүлээгүйгээс болж, Европын сэргээн босголтын банкны санхүүжилт сар хагас зогссон. Үүнээс болж санхүүжилтгүй болж гацсан. Энэ жил дахиад зээлийн хэлэлцээрийн зүйл заалтыг үндсэн чиглэлд оруулаагүй хариуцлагагүй алдаа гаргаснаас болоод одоо Дарханы зам дээр хэн ч алга. Хоёрдугаар сарын нэгэнд ажилдаа гарна гэсэн хүмүүс байхгүй. Засгийн газар, яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийх ямар шаардлагатай юм бэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Санхүүжилт нь байхгүй, ажил нь эхлэхгүй байна. Тэр зам дээр хүмүүс эд хөрөнгө, амь насаа эрсдэлд оруулж байгааг бүгд харж байгаа.

 

Ажилдаа хариуцлагатай ханд аа, та нарын өмнөөс бид ард иргэдэд загнуулж байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан:  Европын сэргээн босголтын банкны санхүүжилт энэ дөрвөн жилд эхэлсэн асуудал биш. Өмнөх дөрвөн жилд яригдаад 2020 оны 08 дугаар сард дөрвөн жилийн төлөвлөгөө батлагдахад анх суусан. Хугацааны явцад дүнд нь өөрчлөлт орж, нэмэлт гэрээ хийгдсэн.

 

ЗТХ-ийн сайд Н.Халтар: Өвлийн сар дуусаагүй байхад барилгын ажил эхэлнэ гэж байхгүй. Бид өнгөрсөн жил хэлж байсан. Барилгын ажил ирэх оны 03 дугаар сарын 15-наас эхэлнэ гэж. Зөвлөх компанитай ярьж байгаад барилгын ажлыг 02 дугаар сарын 10-нд эхлүүлсэн. Хатуу ухмалуудад тэсэлгээ хийж, 70 мянган мз-ын зөөврийн ажил хийсэн. Газар шорооны ажил бол долоо хоногийн өмнө эхэлсэн. Бид энэ жил тавьсан зорилгоо биелүүлнэ.  

 

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Халтар сайд аа, ингэж гөлөг төөрүүлж байгаа мэт хариулт хэлэхгүй. Би таниас дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээ үндсэн жил тусгагдаад явж байсан. Харин энэ жил яагаад алга болчихов гэж асууж байхад барилгын ажил 03 дугаар сарын 15-нд эхэлнэ гэсэн тэс өөр хариулт өгч байна.

 

Инженер техникийн ажилчдын ард өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуухгүй. Инженер техник, барилгын ажилчдад баярлалаа, та бүхэн хичээж байгаа. Харин удирдаж байгаа яам чадахгүй байна. Битгий гэмгүй хүмүүсийн араар нуугдаж, төөрүүлээд бай.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ их чухал асуудал. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөрөнгө оруулалтын жагсаалт. Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн 150 төсөл, арга хэмжээг 136 болгон шинэчилж, 45.4 их наяд төгрөг, санхүүжилт шийдвэрлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн өртөгтэй 88 төсөл арга хэмжээг 31.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй 135 төсөл, арга хэмжээ болгон нэмэгдүүлж байна. Ганцхан Дарханы замын асуудал биш.

 

 

Сүүлийн 30 жил бид 5 жилийн төлөвлөгөө яриагүй.  2020 онд анх удаа таван жилийн төлөвлөгөөтэй болсон. Засгийн газар энэ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Яагаад зарим төсөл хасагдаж, зарим нь нэмэгдэв? Увс-Ховдын чиглэлийн баруун бүсийн чиглэлийн замын эх үүсвэрийг яаж шийдэх вэ? Баруун бүсийн газрын тосны үйлдвэрийн хөрөнгийг яаж шийдэх вэ? Байтаг чиглэлд Хятадууд хөрөнгө оруулж, зам барья гэсэн. Үүнийг оруулах боломжтой юу?

 

Сангийн сайд Б.Жавхлан: 2020, 2021 оны хүндхэн жилийн дараа төсөл хөтөлбөрүүддээ өөрчлөлт хийх шаардлага гарлаа. Хэрэгжилтэд саад гарлаа. Зарим түншээс төсөл хэрэгжүүлэх саналууд орж ирээд өөрчлөлт орж байна. Санхүүжилт нь тодорхой болж, ТЭЗҮ нь хийгдэж, бэлтгэл ажил нь хангагдсан 150 төсөл 49.7 их наяд төгрөгөөр санхүүжих байснаас 5 төсөл хасагдаж, 5 төсөл нэмэгдсэн. Санхүүжих дүн нь 49 их наядаас 45 их наяд болж буурч байгаа.

 

ЗТХ-ийн сайд Н.Халтар: Улаанговь-Ховд чиглэлийн автозамын санхүүжилтийг Азийн хөгжлийн банктай ярилцаж байна. Маргааш манай яамны ТНБД Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй хамт Увс, Ховд, Баян-Өлгий аймгаар явж, төслүүдийг газар дээр нь үзнэ. Боломжтой гэвэл цааш үргэлжилнэ.

Ховд аймгийн төвийн нисэх онгоцны буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр Засгийн газар ярьж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниудад санал тавихаар ажиллаж байна.

 

ГХ-ны сайд Б.Батцэцэг:  Байтагийн боомтыг нээж ажиллуулахаар айлын талтай тохирсон байгаа. Монголын талын бүтээн байгуулалт хийгдээгүй  байна. Бүтээн байгуулалтаа хийчихвэл нээхээр зарчмын хувьд тохирсон байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Юмны үнэ, барааны хомстол аюултай боллоо. Валютын ханшийн өсөлтөөс импортын барааны үнэ дахиад нэмэгдэнэ. Валютын ханш дахиад цохилт өгвөл тээвэр, шатахууны асуудал гарч ирнэ. Энэ суурь үнэнд нөлөөлж, дахиад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд нөлөөлнө. 

 

 

Нефтийн үйлдвэр баригдах уу. Гаднаас 100 хувь хамааралтай учраас ийм нөхцөл байдалд орж байна.

 

Нэг жилд 1 тэрбум төгрөгийн 3-5 үйлдвэрийг бүх суманд барих мөнгийг халамжид зарж байна.  10 тэрбум төгрөгийн нэг үйлдвэрийг бүх аймгийн төвд барих мөнгө. Нэг жилийн халамжийн мөнгө чинь 16 ширхэг вакцины үйлдвэр барих мөнгө. Үйлдвэр барья гэхээр Сангийн яам хувийн хэшил хийнэ гэдэг. Хувийн хэвшил хийж байгаа нь хаана байгаа юм бэ?

 

Хил хааж, нэг бүтээгдэхүүн орохгүй болоход энд иргэний дайн үүснэ. 2023, 2024 онд эрчим хүчний хомстолд орно. 2023, 2024 онд багтааж, эрчим хүчний ямар эх үүсвэр барих вэ? Хийн станцыг хоёр жилийн дотор барьж болно. Концессын асуудал юу болж байна вэ? Та нар эрчим хүчийг ойлгохгүй, Наранцогт оо.

 

2024 оноос айл өрхүүдийн цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ. Жилд шинээр 60-80 мВт хэрэглээ нэмэгдэнэ. Үүнд бодож байгаа юм байна уу? Ийм байдлаар явбал бид 2023, 2024 онд маш гүнзгий хямралд орно. Эрчим хүчний дутагдалд орно. Үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсоно. Цаашид гадаад эдийн засгийн нөхцөл яаж өөрчлөгдөхийг чөтгөр бүү мэд гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

 

Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Санал хураалтаар гишүүдийн 54.2 хувийн саналаар төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Эдийн засгийн хөшүүрэг ашиглаж байж түгжрэл буурна
2022-04-01
dagii:
Odoo darhanii zam yrihaa bolioo! 200 han km zamiig heden jil ,heden said damnaj yrilaa delhii deer orchin ued ingej ajil hiideg salbar bhgui bolson , ta nariin nuurnii aris ih l zuzaan ym ,gehdee ulsaa bodood joohon zarchimtai ajilaachee!
2022-04-01
АН гарсан байса0н бол өдийд хүний эрх гэж байгаад буудуулчихсан байх байлгүй.
2022-03-31
Пүүжээ:
Ман нээрээ үнэхээр арчаагүй, ажил хийж чаддаг хүнгүй юм аа. Гишүүдийнх нь байж байгаа царай, сайдынх нь байж байгаа царай. Дамдинням амаа татаад шоронд орохгүй байх аргаа л бод. Халтараа чаддаг хүнд нь ажлаа өг.
2022-03-31
ЭНЭ КОММУНИСТУУД АЖИЛ ХИЙХГҮЙ ЮМ БАЙНА ДӨӨ БҮГДИЙГ НЬ ХУУ ХАМЖ ИДЭХ ЮМ БҮР 100ХУВЬ ТАЛЫГ НЬ ИДЭЭД ТАЛААР НЬ АЖЛАА ХИЙДЭГ БАЙСАН АН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ЮМ БАЙНА.
2022-03-31
АН гарсан байса0н бол өдийд хүний эрх гэж байгаад буудуулчихсан байх байлгүй.