Төрийн албан хаагчдад зориулсан менторшип хөтөлбөр хэрэгжиж байна
2022-04-13

 

НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор  "Нийслэл-110" менторшип хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид өнөөдөр анхны сургалтдаа хамрагдлаа. Өнөөдрийн сургалтаар төрийн албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн үнэт зүйлийн талаар хэлэлцсэн бөгөөд бичил төсөл хэрэгжүүлэх зааварчилгааг танилцуулсан юм.

 

 

"Нийслэл-110" менторшип хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар зургаан сарын хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөрт бүртгүүлсэн 200 гаруй залуугаас эхний шатанд 80 албан хаагчийг сонгож, ментийгээр бүртгэжээ.  Залуусыг зөв чиглүүлэх  15 менторыг шалгаруулаад байгаа юм. Эдгээр залуус нэг сарын турш долоо хоногт нэг удаа тодорхой сэдвүүдийн хүрээнд лекц, семинарт хамрагдана. Хөтөлбөрт оролцож буй залуусыг  багт хуваан, төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ингэхдээ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, дэмжлэг үзүүлэх байдлаар ажиллах юм.  Уг төслийн үр дүнгээс хамаарч 15 ментийг сонгон шалгаруулж, 15 ментортой холбоно. Ийнхүү залуус туршлагатай менторуудаас суралцах, төрийн албаны үнэ цэнийг ойлгох, өөрсдийн зорилгоо зөв тодорхойлох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

 

 

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд “Хүний сурч, хөгжих хэлбэр маш олон янз байдаг. Танхимд суугаад ном уншихаас гадна олон янзаар сурч хөгжих боломжтой гэсэн үг. Түүний нэг жишээ нь менторшип хөтөлбөр. Тиймээс анх удаа “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлийн байгууллагуудын хүний нөөцөө хөгжүүлж байгаа туршлагын хажууд  бага зэрэг хоцрогдож байгаа зүйл төрийн албанд бий. Төрийн албан хаагчид сурч, хөгжих хүсэл эрмэлзэл маш өндөр байгаа нь бидний хийсэн судалгаанаас харагддаг. Тэр судалгааны дүнд төрийн албан хаагчид дунджаар 13 мянган цагтай дүйцэхүйц хэмжээний сургалтад хамрагдах хэрэгцээ байгаа гэж гарсан. Одоогоор бид 1500 орчим цагийн сургалтыг зохион байгуулаад байна. Уламжлалт хэлбэрээр буюу танхимын сургалтыг зохион байгуулахад заал танхим, сургагч багшаас эхлээд их хэмжээний зардал гарна. Тиймээс энэ хэрэгцээг хангахын тулд ирэх зургаадугаар сараас  эхлэн сургалтын платформыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Уг платформ нь ашиглалтад орсноор албан хаагчид гэрээсээ, ажлын байрнаасаа сургалтад хамрагдах, олон төрлийн видео хичээлүүдийг үзэх, суралцах боломжтой” хэмээв.

 

 

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Залуусыг төрийн албанд хэрхэн бэлтгэх вэ, ямар ур чадварыг эзэмшүүлэх вэ гэдэг маш чухал. Тиймээс НЗДТГ-аас санаачлан Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран нийслэл, дүүргийн төрийн захиргааны албан хаагчдын дунд менторшипийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.  Цаашид ийм хөтөлбөрүүдийг олон хэлбэрээр зохион байгуулж, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энд оролцож байгаа залуус тус хөтөлбөрөөс мэдсэн, сурсан, ойлгосон зүйлээ хамт олон, найз нөхдөдөө түгээснээр энэ хөтөлбөрийн үр дүн тодорхой хэмжээнд гарах болов уу. “Нийслэл-110” менторшип хөтөлбөрт оролцож чадаагүй залуус дараа, дараагийн хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

 

 

Хөтөлбөрт хамрагдсан албан хаагчид менторшипийн хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид илүү практикт суурилсан, албан хаагчдыг дадлагажуулах сургалтад идэхтэй хамрагдана хэмээж байлаа.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин