Улаанбаатарт байрладаг танд хэрэгтэй 10 НОМЫН САН
2022-04-21

Нийслэлийн хэмжээнд нийтийн найм, их, дээд сургуулийн 102, Ерөнхий боловсролын сургуулийн 96,  тусгай байгууллагын харьяалалтай 33 номын сан үйл ажиллагаа явуулдаг. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх , тархины фитнесст дуртай хэн бүхэнд хэрэг болох дараах номын сангуудыг онцолж байна.

 

1.Монгол Улсын Үндэсний номын сан

 

 

Монгол Улсын үндэсний номын сан нь Их уншлагын танхим, Ерөнхийлөгчийн нэрэмжит , Юнескогийн нэрэмжит, Тогтмол хэвлэлийн,  Цахим уншлагын гэсэн таван уншлагийн танхимтай. Үндэсний номын сан нь гурван сая гаруй фондтой, нэг дор 300 гаруй уншигчдад үйлчлэх хүчин чадалтай. 18-аас дээш насны хэн бүхэн тус номын санд 6 000 төгрөгөөр карт нээлгээд, ажлын таван өдөр 09:00-17:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой.


     

         2. Монгол Улсын их сургуулын номын сан

 

 

Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны, хамгийн том 24 цагийн номын сан. Эрдэм шинжилгээний, Байгалын ухааны, Нийгэм хүмүүнлэгийн ухааны, Ховор номын гэх мэтчилэн төрөл төрлийн нийт найман уншлагын танхимтай. Мөн 24 цагаар ажилладаг нэг удаадаа 100 хүртэлх уншигчид хүлээн авах нэг танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Номын сангийн зүгээс уншигчдын дунд “Би ямар ном бэ?”,  Шинэ номын нээлт, хэлэлцүүлэг хөгжөөнт тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдагаараа онцлог юм. Та энэ номын сангийн уншигч болсноор уг номын сангаар үйлчлүүлдэг гадны иргэдтэй найзлан, гадаад хэлний болон дүрмийн мэдлэгээ ч бататгах боломжтой.  Монгол Улсын их сургуулийн номын санд насны хязгааргүй, нэг удаа 3 000 төгрөгөөр эрх үүсгээд үйлчлүүлэх боломжтой.

 

          3. Хүүхдийн номын өргөө

 

Бага ангийн (1-5 анги)  хүүхдүүдэд зориулсан танхим, дунд ангийн (6-9 анги) сурагчдад зориулсан танхим, ахлах ангийн (10-12 анги) сурагчдад зориулсан танхимтай. Сандаа 5000-6000 ном, товхимолтой. Бага ангийн хүүхдүүдэд ном уншуулахаас гадна үндэсний тоглоом наадгай тоглуулдаг. Мөн кино цаг, зохиогчтой уулзах уулзалтыг тогтмол явуулдаг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн дуртай газар . Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч орхидуулалгүй ажилладаг бөгөөд 250-300 сонсдог номтой. Уншигч хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг гэдгээрээ онцлог. Долоо хоногийн зургаан өдөр 10:00-18:00 цаг хүртэл ажиллаж, ням гаригт амардаг.

 

           4. Бяцхан мэргэд гэр бүлийн номын сан

 

 

Ганцаараа ном уншсанаас ойр дотны хүмүүстэйгээ хамт уншиж, агуулга гол санааг ярилцан унших нь хүүхдэд тод үлддэг. Тэгвэл та хайртай бяцхан үрс болон дүүтэйгээ цагийг сонирхолтой өнгөрүүлж , тэдний хүүхэд насны сайхан дурсамжийг нэгээр нэмээрэй. Энэхүү номын сан нэг дор 25 хүнд үйлчлэх хүчин чадалтай.  1000 төгрөг төлөөд хоёр цаг хүртэлх хугацаанд 4000-5000 номноос сонгон үйлчлүүлэх боломжтой.  

 

Цагийн хуваарь  лхагва-ням гаригт 11:00-18:00 цагийн хооронд ажиллана.

 

          5.Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан

 

 

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын Сан (ЭМШУТНС) нь АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутан, судлаач төдийгүй Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг улсын хэмжээний анагаах ухааны төв номын сан юм. Түүгээр ч зогсохгүй эмч, сувилагч болох сонирхолтой мэргэжлийн шалгалтанд бэлдэж буй сурагчид тус номын сангаар үйлчлүүлдэг. Мөн өөрийн өвчнийг судалж, мэдэх зорилгоор орж ирдэг хүмүүс ч цөөнгүй. Зарим тохиолдолд уншигчид нэгдэн, мэргэжлийн багш нартай хэлэлцүүлэг хийн, асуултуудынхаа хариуг авдаг байна.  Та номын сангийн уншигч болохыг хүсвэл нэг жилийн 10 000 төгрөгөөр карт нээлгээд, даваа-бямба гаригт 08:00-20:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой.

 

 

           6.Шинжлэх ухаан технологийн төв номын сан

 

 

Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэдлэг мэдээллээр хангах, цахим мэдээллийн үйлчилгээ, сургалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхдагч номын сан. Нарийн мэргэжлээр салаалсан 7 уншлагын танхимтай уг номын сан нь сан хөмрөгтөө 162 500 номын фондтой. Технологийн салбарыг сонирхдог бүх насны хүмүүст 315 000 мэргэжлийн ном, 7 000 орчим цахим сан, 5 100 гаруй сэтгүүл, 54 номын санчтай баг хамт олон үйлчилж  байна. Номын сангийн уншигчийн карт 1 жилийн 8 000 төгрөгийн үнэтэй бөгөөд ажлын таван өдөр 09:00-21:00 цагийн хүртэл ажиллана.

 

           7. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан

 

 

Тус номын сан 2002 онд байгуулагдсан бөгөөд хууль, эрх зүйн чиглэлийн монгол, гадаад хэл дээр хэвлэгдсэн 4 000 төрлийн 12 000 орчим ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн фондтойгоор үйлчилгээ үзүүлж байна. Хуульчдын номын сан нь эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч , эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан мөн иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол олгох, тэднийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

 

Уншигчийн үнэмлэх шинээр нээлгэхэд 1 жилийн 20 000 төгрөг бол өндөр настан, 4.0-с дээш голч дүнтэй оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилдэг юм байна. Тус номын сан 8:30-17:30 цагийн хооронд уншигч хүлээн авч үйлчилнэ.

 

          8.   Германы мэдээллийн номын сан

 

 

Орчин цагийн герман уран зохиол, герман хэлний сурах бичиг сонсох үзэх, бичих хичээлүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой номын сан. Тус хэлийг сонирхон судалдаг , герман оронд дуртай, түүхийг нь судалдаг түүнчлэн Германд амьдрах зорилготой залууст гарц бий болгох энэ номын сан 30 хүний суудалтай . Уншлагийн танхимд 4000 гаруй номоос сонгон унших, 2000 гаруй аудио материал сонсох, утасгүй чихэвч ашиглан видео болон DVD материал үзэх,  кассет болон CD сонсох зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Тус ном сангийн нэг жилийн үйлчилгээний төлбөр хүүхэд 2000, том хүн 3000 төгрөгийн үнэтэй бөгөөд даваагаас ням гаригт 10:00-18:00 цагт ажиллана.

 

          9. Монголын Үндэсний Их Сургуулийн ON TIME

 

 

МҮИС-д байрлах “On time” номын сан нь нийт 2500 хүний багтаамжтай бөгөөд орчин үеийн техник, технологийн дагуу баригдсан гэдгээрээ тохь тухтай гэсэн ангилалд зүй ёсоор тооцогдож байна. Тус номын сан нь 24 000 орчим номтой. Сонгодог, дижитал, унтлагын, уншлагийн гэх мэт ном унших бүхий л орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн энд унтдаг хэсэг болон усанд ордог өрөө ч бий.

 

         10.  Монгол-Японы хамтарсан төвийн номын сан

 

 

Япон хэл сурч буй болон Япон улс руу сургуульд явах гэж буй хүмүүс энэ номын санг зориорой. Учир нь энд Японы элсэлтийн шалгалтын ном, япон хэлний сурах бичиг, Японы их сургуулиудын танилцуулга зэрэг 1000 орчим ном байдаг.  Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй бүх хүнд нээлттэй. Бүтэн жилийн хугацаанд хүүхэд 3000 төгрөг, том хүн 4000 төгрөгөөр карт нээлгээд, даваа гаригт 14:00-18:00 хооронд бусад ажлын өдөрт 10:30-18:00 хүртэл, бямба гаригт 10:30-17:00 хооронд үйлчлүүлэх боломжтой.

 

Мөн энд сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригт Японд сурах талаар үнэгүй зөвлөгөө өгдөг. Мөн та Японы сэтгүүл, сонин зэргийг эндээс тогтмол уншиж болно. Тус номын сан нь 58 хүний суудалтай. 7компьютер, 4 видео тоглуулагчтай. Та ном уншахаас гадна кино ч үзэх боломжтой байдгаараа давуу юм.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Цэлмэг:
Taalagdaj bna
2023-03-06