Улаанбаатар хоттой ойр, сонирхолтой 10 АЯЛАЛ
2022-04-22

Шинэ зүйл турших дуртай ч өөртөө цаг зав гаргаж чадахгүй байна уу? Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэхээ шийдэж ядан, адал явдал хайж байгаа хэн бүхэнд зориулан дараах 10 сонирхолтой аяллыг санал болгож байна.

 

         1.FARMHOUSE RETREAT

 

 

Тэрэлжид байрлах энэ газар бусад зочид буудал, ресортуудаас ялгаатай. Энд цөөн тооны зочдыг л хүлээн авдаг ба илүү эко, тав тухтай, тайван орчныг та мэдрэх болно. Төрөл бүрийн кактус, зуун наст болон бусад олон ургамал таныг угтана. Мөн яншуй, кориандр, базилик, лэтус, кэйл, өргөст хэмх, улаан лооль зэргийг гараараа барьж, амталж үзэх боломжтой. Эдгээрээсээ зочдынхоо хоол хүнсийг бэлтгэдэг аж.

 

Нэг хоногийн төлбөр: 99 000₮, 150 000₮, 300 000₮ (өглөөний цай багтсан)

Facebook page: Farmhouse Retreat

 

             2.PARAGLIDING CLUB MONGOLIA

 

 

Та адал явдал, шинэ зүйл туршиж үзэх дуртай юу? Хөх тэнгэрээр шувуу мэт дүүлэн нисэх мэдрэмжийг хүн бүр битүүхэндээ хүсдэг. Гайхалтай шинэ зүйл туршиж, нисэх эрх чөлөөг мэдрэн, нар жаргах мөчийг харахыг хүсвэл таны хамгийн зөв сонголт нь параглидинг байх болно. Цас, бороо орсны маргаашийн нислэг хамгийн тансаг мэдрэмжийг төрүүлдэг гэсэн шүү.

 

Тандем нислэгийн үнэ: 100 000₮

Байршил: Баянзүрх хайрхан уул, Ургах Наран хороолол.

Facebook page: Paragliding Club Mongolia

 

                 3.EXTREME MONGOLIA

 

 

Амралтын өдрөөр сонирхолтой зүйл хийж, адерналинаа ялгаруулмаар байвал энэ газрыг сонирхоорой. Хаданд авирч, дүүжин гүүрээр алхан, агаарын замаар явж, ATV болон UTV-гээр салхи татуулан давхих боломжтой. Та эндэхийг зорих гэж байгаа бол аль болох өөрт эвтэйхэн хувцаслаарай.

 

 Үнэ : Дүүжин гүүр 20 000₮

           Агаарын зам 15 000₮

           Хадны авиралт 10 000₮

           ATV 60 000₮

           UTV 80 000₮

 

Байршил: Тэрэлж

Facebook page: Extreme Mongolia

 

              4.МОНГОЛ НОМАДИК ЦОГЦОЛБОР

 

 

Нүүдэлчин ахуй, соёл, ёс заншилтай танилцан, хүүхдүүддээ зааж сургах хүсэлтэй хэн бүхэнд дараах газрыг танилцуулъя. Улаанбаатар хотоос баруун зүгт 55 км зайтай орших Монгол номадик цогцолбор нь  Монголын уламжлалт нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягийг бүрэн шингээсэн байдаг. Мөн та тэмээ, сарлаг, морин аялал хийж, хүүхдэдээ энэ бүгдийг зааж сургах боломжтой. Налгар өдөр хөдөө морин дэл дээр салхи татуулан давхиж, хээрийн хоол цай ууж идэн, нум сумаар харваж, хөгжилтэй тоглоом тоглон өдрийг сайхан амарч өнгөрөөхөд тун ч тохирсон аялал шүү. Мөн аяллын дараа маш гоё гэрэл зургуудтай болно.

 

Facebook page: Mongol nomadic Tourist Camp / Монгол номадик цогцолбор

 

                     5.РАФТИНГ АЯЛАЛ

 

 

Энэ аяллаар та рафт завин дээр хэрхэн сэлүүрдэх, голын урсгал, голдиролыг унших зэрэг усан аяллын анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд багаар ажиллах чадвар тань бас дахин нэмэгдэнэ. Завиа сэлүүрдэх, чиглүүлэх, удирдах дадлага хийсний дараа усан аяллаа эхэлж, үдлэх цэг хүртэл 21.8 км зайг туулна. Замдаа хорхог хийж идэн, 3 метр өндөр хаднаас ус руу үсэрч кайфыг мэдэрч болно. Нэг аялалд  12-19 хүн хүлээ авах хүчин чадалтай. Тиймээс найз нөхөд, хамт олноороо аялах мөн багт хуваагдан тэмцээн маягаар аяллаа сонирхолтой өнгөрүүлэх ч боломжтой.

 

Хаяг: Тэрэлж

Өдрийн төлбөр: 90 000 төгрөг

 

          6.ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ SPECIAL  АЯЛАЛ

 

 

Нэгэн хэвийн амралтын өдрүүдээ илүү адал явдал, шинэ мэдрэмжээр дүүрэн байлгахыг хүсч байна уу? Нүхтийн аманд цахилгаан дугуй унан, байгалийн сайхныг мэдрэх аяллыг танд санал болгож байна. Тус аялалд 18-с дээш насны 45-100 кг жинтэй, унадаг дугуй сайн унадаг эсвэл мотоцикл унадаг хүмүүс хамрагдах боломжтой. Аялалд гарахаас өмнө цахилгаан дугуйтай холбоотой бүх мэдээлэл, ашиглах зааврыг өгнө. Та аялалд явахаар төлөвлөж байгаа бол биед эвтэйхэн хувцас, бээлий, хатуу ултай гутал өмсөөрэй.      

 

Нэг өдрийн төлбөр: 30 000 төгрөг

 

                 7.ЗУУН МОРЬТОН АЯЛАЛ

 

 

Уулсын оройгоор аялахад бэлэн үү? Төв аймгийн Эрдэнэ сумын үзэсгэлэнт нутгаар аялах энэхүү аялал нь 04 сарын 24 буюу ирэх амралтын өдөр эхлэх гэж байна.  Уг аялалд явснаар та морь унаж сурах, шинэ хамт олон хүрээллийг бий болгож, тэр ч бүү хэл хайр дурлалтайгаа ч учрах боломжтой. Аялал шинэхэн гэрийн халуун боорцог, сүүтэй цай уунгаа аяллын журам, маршруттай танилцсанаар эхэлнэ.

 

Аялал 4-5 цаг үргэлжилсэний дараа буудаллаж, хайрсан гурилтай, амттай цуйвангаар өдрийн зоогоо барих нь ээ. Аяллын өмнө болон дундуур архи согтууруулах ундаа хатуу хориотой тул элдэв зөрчил асуудал гарна гэж санаа зоволтгүй аялах боломжтой.

 

 Үнэ : Хувийн унаатай – 75 000  (1хүн)

           Нэгдсэн автобустай – 80 000

Facebook page: Монгол нохой чарга

         

                8. АЛДАРТ ТОЙМТЫН АГУЙ

 

 

Аяллын зорилго хүн бүрт харилцан адилгүй байж болох ч ихэнх хүмүүсийн хувьд амрах, шинэ газар үзэх, шинэ туршлага хуримтлуулах байдаг. Тус аяллын  гол онцлог бол 82 метрийн өндөр уулнаас доош олсоор агуй руу бууж, агуйн таазнаас бэхэлсэн дүүжин савлуур дээр бэхэлгээтэй савлаж, үүний дараа агуйгаас доош ахин олс ашиглан газарт буух адал явдалт аялал юм. Та гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олноороо  аялалд оролцох боломжтой.  Аялал үргэлжлэх 2 өдрийн турш та эрүүл агаар, амтат хоолтой, адал явдлаар дүүрэн байх болно.

 

Аяллын төлбөр: 108 000

   

          9. НУУЦЛАГ БАЙШИНД ХҮРГЭХ ХӨГЖИМТ ГАЛТ ТЭРЭГ

 

 

Аялалд дуртай, дуунд хайртай залуусын анхааралд. Энэхүү нууцлаг аялал нь тун ч сонирхолтой олон олон гэнэтийн зүйлсийг багтаажээ. Аяллын баг бүрдсэнээр залуус галт тэрэг хөлөглөн Түнхэл тосгоныг зорино. Аян зам дуу хуураар дүүрэн, инээд наргиантай байх тул та сэтгэл дундуур байх зав гарахгүй л болов уу. Зорьсон газраа хүрээд, аялагчдаа баг болгон хувааж, хөгжөөнт тоглоом тоглоно. Түүний дараагаар Супер нэр ашиглан түргэн болзоотой. Шинэ танилуудаас таны сэтгэлийг татсан хэн нэгэн байвал та энэ үед эхний алхмыг хийж болох нь ээ. Зөвхөн болзоогоор ч зогсохгүй оддын доорх кинотой үдэш, ил галын дэргэд гитартай дуулах гэх мэт сонирхолтой романтик зүйлсийг тус аяллын үед хийх боломжтой. 

 

Нэг хүний төлбөр: 150 000

 

           10. МАЙХАНТАЙ АЯЛАЛ

 

 

Ой шугуй, гол устай ойрхон жинхэнэ сэтгэл болоод оюун бодлыг тань амраах газар бол яах аргагүй Сөгнөгөр юм. Энэхүү аялал нь мэргэжлийн иогийн багшийн хичээл, шугуй дундах кино театр зэрэг багтсанаараа онцлог юм.  Та 299 000 төгрөгөөр амралтын өдрүүдээ ахлах тогоочийн гарын хоолыг идэнгээ байгалийн сайханд өнгөрүүлээрэй.

 

Аяллын мэдээлэл: Joinme.mn

 

Бэлтгэсэн Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин