Ч.Бямбажаргал: Бие, хэл, сэтгэлийн хорлон, арван хар нүглийг тэвчих хэрэгтэй
2022-04-27

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн уламжлалын дагуу Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр  тэмдэглэж байна.

 

НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оноос тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Улмаар Монгол Улсын  УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.

 

Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх “Энэрэл хайр түгээе” уриатай сүрт жагсаал, шинийн наймнаас арван тавны өдрийг дуустал бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагаа, бурханы шашны ойлголтыг түмэн олонд сурталчлан таниулах зорилготой нийгмийн сүлжээнд уралдаан зарлах, “Бурхан багшийн үйлс зохионгуй” эрдэм шинжилгээний хурал болон бусад хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргалаас тодрууллаа.

 

Бурхан багшийн Их дүйчэн өдөр ямар үйлийг цээрлэвэл зохих вэ?

 

-Бие, хэл, сэтгэл гурваараа хорлонтой зүйл хийхгүй байх, арван хар нүглийг тэвчих хэрэгтэй. Мууг сэтгэж, бусдыг доромжлох, бусдад гар хүрэх үйлийг тэвчих, архи тамхи хэрэглэхгүй, хэрүүл хийхгүй байх зэрэг үйлийг тэвчиж, цээрлэвэл  буяны үр гарч ирдэг. Тиймээс буян хурааж байна гэсэн үг.

 

Хүмүүс буян үйлдэх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгвэл буян гэж чухам юуг хэлэх вэ?

 

-Буян, нүглийн асуудал хүмүүст хол сонсогддог. Хүн үг, үйлдэл, бодлоосоо эхлээд л буян, нүглийн үйлийг хийж байгаа юм. Тодруулбал, бурхан багш бүх зүйлээ орхиод гэгээрлийг олохоор явсан. Улмаар хүний бие болон хэлний үйлд ажиллаад тусыг эс олсон. Тиймээс хүн сэтгэлээ удирдаж сурах хэрэгтэйг ухаарсан. Хүний сэтгэл бие болон хэлээ удирддаг. Иймд хүний сэтгэлд анхаарах ёстойг ухаарсан. Улмаар хамаг амьтны сайн сайхны тулд бурхан багш ном айлдсан. Бурхан багш үйлийн үр айлдсан юм. Бие, хэл, сэтгэлээрээ сайн үйл хийснийг буян гэж нэрийдсэн. Харин муу үйл хийснийг нүгэл хэмээсэн. Ингэж буян, нүглийг дэнсэлнэ. Хүн амьтан бүгд амгалан жаргаланг хүсдэг. Зовлонг хүсдэггүй. Хүмүүс амгалан жаргаланг хайдаг хэрнээ түүндээ хүрэхийн тухайд буруу үйл хийж, нүгэл хураадаг. Буруу үйл хийж нүгэл хураавал зовлон зүдгүүртэй учирдаг. Тиймээс үйлийн үр гэдэг зүйлийг сайн ойлговол бие хэл сэтгэл гурваараа хамаг амьтанд тустай үйл хийнэ. Улмаар буяны үйл болно гэж айлдсан.

 

Бурхан багшийн их дүйчэн өдөр онцгойлон үйлдэх ёс гэж бий юу?

 

-Энэ нь хүний сүжиг, итгэлийн асуудал юм. Цензур тогтоох хэрэггүй. Бүх сэтгэл зүрх, бие, хэлээрээ муу үйлийг тэвчвэл гурван ертөнцөд багтахааргүй буян хураана. Тиймээс иргэд маань буяны үйлийг хийх хэрэгтэй.

 

Нэг өдрийн сахил хүртэх ёсны тухайд?

 

-Нэг өдрийн тэтгэн ариусах санваар гэж бий. Сахил, санваар гэдэг нь бурхны өмнө тангараг өргөж байгаа гэсэн үг. Жишээлбэл, бие, хэл, сэтгэлээрээ муу үйлийг хийхгүй,  тэвчинэ гэж байгаа гэсэн үг. Ингэж нэг өдрийн сахил хүртсэнээр буяныг асар их хураадаг.  Бурхан багшийн их дүйчэн өдөр нэг өдрийн сахил хүртээх ажиллагаа болно.

 

Бурхан багшийн их дүйчэн өдөр ямар идээ ундаа цээрлэх вэ?

 

-Хилэнцэт идээ ундааг цээрлэдэг. Тодруулбал, амьтны амийг авсан идээ, архи дарс тэргүүтэй идээ ундааг цээрлэдэг. Өөрөөр хэлбэл, махтай хоол идэж болохгүй гэсэн үг. Мөн тариа тарьж гаргасан цагаан хоолыг цээрлэдэг. Эрт дээр үеэс Монголчуудын цагаан хоол хамгийн сайн нь байсан.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нийгмийн ямар ч баялаг бүтээдэггүй, бусдын бүтээсэн нийгмийн баялагийг сорон мөлждөг лам, шашин, сүм хийдийг устгах хэрэгтэй. Лам, шашин, сүм хийд шинлэх ухааныг хөгжүүлээгүй, харин ч мянга, мянган жил чөдөрлөсөн, лам, шашин, сүм хийд машин зохион бүтээгүй, нисэх онгоц зохион бүтээгүй, цахилгаан станц зохион бүтээгүй,дэд бүтэц байгуулаггүй, үйлдвэр завод байгуулагүй, орчин үеийн их дээд сургууль зохион байгуулаагүй, орчин үеийн эмнэлэг байгуулаагүй, гар утас, зурагт телевиз зохион бүтээгээгүй, сүндэрлэсэн сайхан барилгууд бариагүй. Лам, сүм хийд, шашин зөвхөн хүн ардыг номхон хүлцэнгүй, харанхуй бүдүүлэг,ажил хөдөлмөрөөс зайлсхийдэг, нйигмийн ямар ч баялаг бүтээгүй мөртлөө бусдын бүтээсэн ниймийн баялаийг шулан мөлжих арга замуудыг мянга, мянган жил номлосоор ирсэн.
2022-04-27
Өөрөө сэтгэл тачаалаа тэвчээд авгайгүй болсон уу?
2022-04-27