Гурил үйлдвэрлэгчид бага хүүтэй зээл, НӨАТ-аас чөлөөлөгдөхийг хүсэж байна
2022-06-09

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг хэлэв.

 

Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй гэж үздэгээ “Хурх” гурилын үйлдвэрийн дарга Д.Отгонбаяр хэллээ.

 

Мөн 5-10 жилийн хугацаатай, хүү багатай зээл олгох, хивгийн экспортын тээвэрлэлтэд анхаарах, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг дамжуулан борлуулахад НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх зэрэгт төр, засгийн дэмжлэг шаардлагатайг хэлэв.

 

“Хурх” гурилын үйлдвэр хоногт 120 тн улаанбуудай боловсруулах хучин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэр юм.

 

“Хангай Милсс” ХХК 2020 онд Монгол Улсад анх удаа улаанбуудайг бүхлээр нь чулуун тээрмээр тээрэмдэх үйлдвэрийн арга нэвтрүүлсэн байна. Нийт 6,000 га эргэлтийн талбайтай. Хөрсөө салхины элэгдлээс хамгаалах зорилгоор 5 км газарт 10,000 мод тарьж ойн зурвас байгуулан, 120 км урт газрыг бүрэн хашаажуулжээ.

 

Ингэснээр хөрс гадны амьтан, хүний нөлөөгөөр бохирдох, хөрсний элэгдлээс сэргийлэх, эрүүл цэвэр хүнс үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Цар тахлын үед олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан ч тэд л ард иргэдийнхээ амьдралыг залгуулж байсан нь яахын аргагүй үнэн. Аж ахуйн нэгжүүд борлуулалтын орлогынхоо бараг 30 хувийг нь татварт/НӨАТ, орлогын албан татвар, НДШ-ийн байгууллагын төлөх татвар гээд олон татварууд/ төлж байгаа. Одоо энэ аж ахуйн нэгжүүдээ дэмжиж НЭГ УДАА НӨАТ-ЫГ ТЭГЭЛЧИХВЭЛ ард иргэдийн амьдралд мөн ч их тус дэм болно доо.
2022-06-09