Орос, Хятадыг холбосон гүүр нээгдлээ
2022-06-10

ОХУ-ын Амурск мужийн төв Благовещенскээс Хятадын Хэйхэ хот хүрэх гүүрээр ачаа тээвэрлэлтийн ажлыг эхлүүлжээ. Энэ гүүрийг барих ажил 2016 онд эхэлсэн бөгөөд гүүр ашиглалтад орсноор Орос, Хятадын ачаа эргэлт нэмэгдэнэ гэж ОХУ-ы эрх баригчид үзэж байгаа аж. 

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, гүүрийг нээх ёслолын ажиллагааг Москва, Владивосток, Бээжингээс цахимаар холбогдон хийсэн байна. Энэ ёслолын ажиллагаанд ОХУ-ын дэд сайд, Алс Дорнод дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн байнгын төлөөлөгч Юрий Трутнев, Тээврийн сайд Виталий Савельев, Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Ху Чунхьхуа нарын албаны хүмүүс оролцсон байна.

 

Оросын Тээврийн сайдын мэдэгдсэнээр, гүүр ашиглалтад оролцсоноор хоёр орны хоорондын бараа эргэлт жилд нэг сая тонн болон нэмэгдэх боломжтой гэнэ. Гүүр нээгдсэн өдөр Хятадаас Орос руу найман ачааны машин зорчсон бөгөөд эдгээр машинууд автомашины дугуй, цахилгаан тоног төхөөрөмжийн сэлбэг ачиж явсан байна.

 

Благовещенск—Хэйхэ гүүрний хоёр хэсгийг 2019 оны тавдугаар сард нийлүүлж байв. 2020 оны тавдугаар сард гүүр ашиглалтад ороход бэлэн болсон ч коронавирусийн цар тахлын улмаас гүүр нээх хугацааг хойшлуулжээ. Энэ гүүр бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 630 ачааны машин, 164 автобус, 68 суудлын машин явах боломжтой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин