Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандлаа
2022-06-15

Сүүлийн үед Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тархаад байна. Энэ асуудлаас үүдэн тэрбээр өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандлаа. О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажилласан хугацаандаа гаргасан бүх шийдвэрээ шалгуулахаар хүсэлт гаргасан байна.

 

 

-Яагаад өөрийгөө шалгуулахаар болов?

 

-Сүүлийн зургаан сарын хугацаанд нэр бүхий улстөрчдийн захиалгаар зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Тиймээс Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр удаа ажилласан хугацааныхаа бүх тушаал, шийдвэр, зарцуулсан хөрөнгө, олгосон газар зэргээр өөрт хамааралтай бүхнийг шалгуулахаар АТГ-т өгч байна. Надад огт хамааралгүй, миний гаргаагүй шийдвэрийг гаргасан мэтээр гүтгэсэн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. Хүний гэм буруутайг хууль, шүүхийн байгууллага тогтоодог. Хэвлэлээр хүнийг яллаж болохгүй.

 

-Аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй ланд круйзер автомашиныг сая төгрөгөөр хувьчилсан нь үнэн үү?

 

-Энэ асуудлыг шалгуулахаар хандаж байна. Яагаад ийм асуудал үүсэв, хэн хууль зөрчив, Амгаланбаатар шийдвэр гаргасан эсэхийг шалгаад өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна.

 

Миний хувьд ийм шийдвэр гаргаагүй. Би ийм шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн биш. Аймгийн Засаг даргад гардаг шийдвэр бас гаргадаггүй шийдвэрүүд гэж бий. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал аймгийн Засаг даргад хамааралгүй байдаг.  

 

1.6 тэрбум төгрөгөөр компьютер авсан, 2 сая төгрөгөөр бэлэг авсан, сая төгрөгөөр ланд круйзер хувьчилсан зэргээр энэ бүхнийг О.Амгаланбаатар хийсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байна. Тиймээс би өөрийгөө шалгуулж байна. Миний ямар шийдвэр хууль зөрчсөн, яагаад ийм асуудалтай нэр холбогдоод байгаагаа шалгуулахаар хүсэлт гаргаж байна. Хэн хууль зөрчсөн, яагаад хууль зөрчсөнийг тодруулахыг хүсэж байна.

 

-Ямар шалтгаанаар таныг ийм асуудлуудтай холбоод байгаа юм бол?

 

-Хамгийн өндөр үнэтэй шатахууныг алтайчууд хэрэглэж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн маш үнэтэй байна. Говь-Алтай аймагт үйлдвэр байхгүй. Малын гаралтай түүхий эд хамгийн үнэгүй, арьс шир хаягдаж байна. Энэ бүхнийг өөрчлөх боломж нь Наран Сэвстэйн боомтыг нээх. Хилээр гадаад худалдаа явж байж, улс орон, аймаг хөгжинө. Бид энэ гарцыг гаргаж, УИХ, Засгийн газар хүсэлтээ тавьсан байгаа.

 

Энэ бол зөвхөн Говь-Алтай аймаг биш баруун бүс, Монгол Улсын хөгжиьлд хэрэгтэй боомт юм. Энэ асуудлыг гаргаад, санал тавихаар нөгөө талаас харлуулах увайгүй үйлдэл хийж байна. Гадны гар хөлүүд Гаовь-Алтай аймгийг, Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн санаархлаар увайгүй улс төр хийж байна. 

 

-Таны удирдсан аймаг хөгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ?

 

-Говь-Алтай аймаг хөгжилгүй, хамгийн дорой аймаг болсон. Эдийн засаг, ажлын байр, боловсролын чанараараа Говь-Алтай аймаг хамгийн сүүлд байна. Говь-Алтай аймаг 2020 оноос өмнө авлига, архиндаа живсэн, бузар булай болгон энэ аймгаас гарч байсан. Энэ бүхэнд өөрчлөлт хийхээр бид зүтгэж байна. Гэтэл нөгөө талд хуучинтай зууралдсан, алтайчуудыг ядуу байлгаж, худалдаж авдаг технологио хэрэгжүүлэхийн тулд нэр бүхий улстөрчид ийм увайгүй үйлдэл хийж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Үгийн бөөс түүгч:
Үг үсгийн алдаа ихтэй …. яана да гэж..
2022-06-16